Үйлс 6 - Ариун Библи 2013(AB2013)

Долоон хүнийг үйлчлэлд сонгов

1Шавь нарын тоо олширсон өдрүүдэд гректэнгүүдийн зүгээс өдөр тутмын хүнс түгээлтдээ тэдний бэлэвсэн эмэгтэйчүүдийг хайхрахгүй байгаа талаар еврейчүүдийн эсрэг гомдол гонгиноон болжээ.

2Тэгэхэд арван хоёр нь дагалдагчдыг дуудаж

—Ширээнд үйлчлэхийн тулд Бурханы үгийг орхигдуулах нь бидэнд зөв зүйл биш юм.

3Тиймээс ах дүү нар минь, Сүнс болон мэргэн ухаанаар дүүрэн, нэр хүнд бүхий долоон эрийг та нар дундаасаа сонго. Тэгээд энэхүү үүргийг тэдэнд хариуцуул.

4Харин бид залбирал болон үгийн үйлчлэлээ үргэлжлүүлье гэв.

5Энэ саналыг хамаг олон дэмжиж, итгэл ба Ариун Сүнсээр дүүрэн Стефан болон Филип, Прохор, Никанор, Тимон, Пармен болон Антиохын шинэ итгэлтэн Никол нарыг сонгожээ.

6Тэгээд тэднийг элч нарын өмнө ирүүлэхэд тэд залбирцгааж, гараа тэдэн дээр тавив.

7Бурханы үг түгэн тархсаар Иерусалим дахь дагалдагчдын тоо үлэмж ихээр нэмэгдсээр байсан бөгөөд тахилч нараас маш олноороо энэхүү итгэлд дуулгавартай болж байлаа.

Стефаныг баривчилсан нь

8Нигүүлсэл болон хүчээр дүүргэгдсэн Стефан агуу гайхамшиг болон тэмдгүүдийг ард олны дунд үйлдсээр байлаа.

9Гэтэл «эрх чөлөөтнүүд» гэж нэрлэгддэг Синагогийн хэсэг хүмүүс болох куренчүүд болон александричууд, Килик ба Азиас ирсэн заримтай нь нийлж Стефантай маргалдав.

10Гэвч тэд түүний, Сүнс болон мэргэн ухаанаар ярьж байсныг сөрж чадсангүй.

11Тэгээд тэд “Тэр Мосе болон Бурханы эсрэг хараалын үгс ярьж байхыг нь бид сонссон” гэж хэлүүлэхээр хэдэн эрийг нууцаар турхирчээ.

12Тэд ард олон, ахлагчид болоод хуулийн багш нарыг хутган үймүүлж, түүнд халдан түүнийг Зөвлөлийн өмнө хүчээр авчрав.

13Тэгээд тэд хуурамч гэрч нарыг урагш гаргахад тэд

—Энэ хүн ариун газар бас хуулийн эсрэг үг ярихаа үл зогсоов.

14“Назарын Есүс энэ газрыг устгана, Мосегийн бидэнд уламжлуулсан ёс заншлыг өөрчилнө” гэж түүний ярихыг бид сонссон гэжээ.

15Зөвлөлд суугч бүхний харц түүн дээр тогтоход түүний царай тэнгэрэлчийн царай лугаа адил харагджээ.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help