Исаиа 34 - Ариун Библи 2013(AB2013)

Үндэстнүүдийг шүүх нь

1Үндэстнүүд ээ, сонсохоор ойртогтун!

Ард түмнүүд ээ, чагнагтун!

Газар ба түүнийг дүүргэгч бүхэн,

Ертөнц ба түүнээс гарсан бүхэн сонсогтун!

2Учир нь ЭЗЭНий зэвүүцэл

Бүх үндэстний эсрэг байж,

Тэрээр уур хилэнгээ бүх цэргийнх нь эсрэг гаргаж,

Тэднийг бүрмөсөн устгалаа.

Тэднийг Тэр алуурчинд өгсөн болой.

3Алагдагсдыг нь гаргаж хаяхад

Хүүр нь өмхийрч,

Цус нь ууланд нэвчив.

4Тэнгэрийн бүх эрхэс устаж,

Тэнгэрс ч хуйлмал ном мэт хуйлагдах болно.

Бүх эрхэс нь усан үзмийн ороонгын навч шиг,

Инжрийн модны инжир хатаж унадаг шиг унана.

5Учир нь илд минь тэнгэрт согтоод,

Үзэгтүн, Едомын дээрээс,

Миний шүүлтийн тулд цээрлэл болсон

Ард түмний дээр энэ нь бууна.

6ЭЗЭНий илд цусаар бялхсан байна.

Илд нь хурга ямааны цусаар дүүрч,

Хуцын бөөрний өөхөнд цадав.

Учир нь ЭЗЭН Бозрад тахилгалж,

Едомын газарт их нядалгаа хийнэ.

7Бас зэрлэг үхэр тэдэнтэй,

Залуу бух хүчит нэгэнтэй хамт унаж,

Газар нь цусаар нэвчиж,

Шороо нь өөхтэй хутгалдаж тослог болно.

8Учир нь Сионд хариуг нь өгөх жил,

Өшөө авалтын өдөр ЭЗЭНд бий.

9Едомын урсгалууд нь давирхай болж,

Хөрс нь шатаж буй хүхэр болон хувирах бөгөөд

Газар нь шатаж буй давирхай болно.

10Тэр нь өдөр ч, шөнө ч үл унтран,

Утаа нь мөнхөд суунаглана.

Энэ нь үеийн үед эзгүйрч

Үүрд мөнхөд түүгээр хэн ч өнгөрөхгүй.

11Харин тэнд бэгбаатар, зараа нутаглан

Ууль, хэрээ үүрлэнэ.

Тэр Едомын дээгүүр

Эзгүйрлийн шугам, хоосролын хүндрүүлэгч татна.

12Едомын язгууртнуудын дотроос

Хаан гэж дуудагдах хүнгүй болж,

Ноёд нь бүгдээрээ юу ч биш болно.

13Бэхлэгдсэн цамхгууд ба хотуудынх нь дотор

Сундуу бут, өргөст халгай ургаж,

Цөөвөр чонын орогнох газар,

Тэмээн хяруулын нутаг болно.

14Тэнд цөлийн араатнууд зэрлэг ноходтой тааралдаж,

Годрон буг ч мөн ижлээ дуудан орилно.

Тийм ээ, шөнийн мангас тэнд суурьшиж,

Амрах газраа олно.

15Тэнд суман могой үүрээ засаж

Өндгөө хэвтэн дарж,

Тэднийгээ нөмөр дороо цуглуулна.

Тийм ээ, тас төрөл төрлөөрөө цуглана.

16ЭЗЭНий номоос олоод уншигтун!

Тэдгээрийн нэг нь ч алга болохгүй,

Нэг нь ч ижлээ алдахгүй.

Учир нь Түүний ам айлдаж,

Сүнс нь тэднийг цуглуулсан юм.

17Тэр тэдний төлөө шавга хаясан.

Мутар нь үүнийг тэдэнд

Хэмжээгээр нь хувааж өгсөн.

Тэд энэ газрыг мөнхөд эзэмшиж,

Үеийн үед энд орших болно.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help