Гашуудал 4 - Ариун Библи 2013(AB2013)

Сионы шийтгэл

1Алт хичнээн харлаж, цэвэр алт гундав!

Алмаас эрдэнэ нь асгаран бутарч,

Гудамны буланд хөглөрөв.

2Шижир алтны үнэтэй Сионы эрдэнэт хөвгүүдийг

Ваарчны гарын ажил болох үнэгүй шавар ваар мэт үзэв!

3Цөөвөр чоно ч гэсэн бэлтрэгнүүдээ

Хөхөөрөө амлуулж тэжээдэг атал

Ард түмэн гэдэг охин минь

Цөлд хаягдсан тэмээн хяруул мэт харгислал амсав.

4Нялхас минь цангаж, хэл тагнай нь зуурчээ.

Багачууд талх нэхэвч хувааж өгөгч нь алга.

5Амттаны дээдийг иддэгүүд минь гудманд адлагдав.

Даавууны сайныг өмсдөгүүдэд минь

Үнс, хогийн сав тэврүүлэв.

6Учир нь ард түмэн гэдэг охины минь хилэнц

Содомын нүглээс ч үлэмж их ажээ.

Хормын дотор хөмрүүлэгдсэн Содом уруу

Ямар ч гар эргээгүй билээ.

7Ихэс дээдэс минь цаснаас ч цэвэр, сүүнээс ч цагаан байлаа.

Тэд биеэрээ шүрнээс ч илүү улаахан, өнгө нь индранил мэт байлаа.

8Төрх нь өдгөө хөөнөөс ч хар, гудамжинд ч танигдахгүй болжээ.

Арьс нь ясан дээрээ хорчийн хатаж, мод мэт болжээ.

9Өлсгөлөнд үрэгдэгсдээс илдээр алуулагсад дээр агаад

Талын үр жимс дутагдсанаас

Тэд цохигдон хатаж гандана.

10Өрөвч эмэгтэйчүүд хүртэл

Өөрийнхөө гараар хүүхдээ чанахад хүрэв.

Ард түмэн гэдэг охин минь

Сүйрлийн улмаас хүүхдүүдээрээ хооллов.

11ЭЗЭН хилэнгээ гүйцэлдүүлж, догшин хилэнгээ асган

Түймрийн гал илгээн Сионыг туурь болтол шатаав.

12Өстөн ба дайсан нь Иерусалимын гулдан хаалгуудаар орно гэдэгт

Газар дэлхийн хаад ч, дэлхийн оршин суугчид ч итгэж байгаагүй.

13Эш үзүүлэгчид нь нүгэлд унасан,

Тахилч нар нь хилэнцэд ороогдон

Шударга хүний цусыг урсгасан тул

14Гудамжинд тэд өдгөө бэдрэн явахад

Хувцсанд нь хэн ч хүрч чадахааргүй болтол

Тэд цусаар бузарлагдсан байлаа.

15“Зайлагтун! Бузар” хэмээн хүмүүс тэдэн уруу хашхирна.

“Зайл, зайл, бүү хүр!”

Тэгээд тэд зугтан хэсүүчилж,

“Тэд цаашид энд суух ёсгүй” гэж

Үндэстнүүдийн дунд хэлэгдэв.

16Тэднийг тараагч нь ЭЗЭН агаад тэд ойшоогдохоо болив.

Тахилч нар үл хүндлэгдэж,

Ахмадууд эс хайрлагдав.

17Тусламж хайвч сураггүй тул нүд сүүмийв.

Аврал хайн улс орнуудыг харуулдавч эс олдов.

18Алхааг минь отох тул

Гудамжнууддаа гарч алхаж чадахгүй нь ээ

Төгсгөл маань ойртож,

Өдрүүд минь тоологдон төгсгөл маань иржээ.

19Мөшгөгчид маань тэнгэрийн бүргэдээс хурдан агаад

Уулсын дээгүүр биднийг хөөв.

Цөлд отон хүлээв.

20ЭЗЭН минь, Таны тосолсон, бидний амьдралын амьсгаа тулгуур бологсод

Дайсныхаа нүхэнд унаж олзлогдов.

“Сүүдэр дор нь бид харь үндэстнүүдийн дунд амьдарна” хэмээн хэлж байсан бус уу?

21Узын нутаг дахь Едом охин!

Баясан, баярлан хөөрч л бай!

Аяга чам уруу ч тойрон ирнэ

Чи согтууран өөрийгөө нүцгэлнэ.

22Сион охин минь, хилэнц чинь дууслаа.

Тэр чамайг цаашид цөлөхгүй.

Едом охин минь,

Хилэнцийг чинь Тэрээр шийтгэх л болно.

Нүглүүдийг чинь дэлгэх л болно!

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help