Дуулал 22 - Ариун Библи 2013(AB2013)

Дайсагнал ба шаналлаас гэтлэх гуйлтУдирдаачид. Аиелет Хашшахар дээр. Давидын дуулал.

1Бурхан минь, Бурхан минь,

Юунд Та намайг орхисон бэ?

Миний ёолох дуу, авралаас минь

Юунд Та хол байна вэ?

2Бурхан минь ээ, би өдрөөр хашхирдаг ч

Та хариулдаггүй

Шөнөөр бас хашхирдаг ч

Надад хариу алга.

3Гэвч Израилийн магтаал дунд сэнтийд залрагч аа,

Та ариун юм.

4Эцэг өвгөд маань Танд итгэсэн

Тэд итгэсэн бөгөөд

Та тэднийг аварсан.

5Тэд Тан уруу хашхирч, аврагдаж байв.

Тэд Танд итгэсэн бөгөөд ичгүүрт унасангүй.

6Харин би өт, хүн биш!

Би хүмүүсийн буруушаал болж

Ард олонд жигшигдсэн юм.

7Намайг хардаг бүхэн

Намайг тохуурхан инээдэг

Тэд уруулаа нээж, толгой сэгсрэн

8“Тэр өөрийгөө ЭЗЭНд даатгасан

Тэр түүнийг авраг!

Тэр Түүнд баярладаг тул түүнийг авраг!” гэж байна.

9Гэсэн ч Та намайг эхийн хэвлийгээс гаргасан Тэр мөн

Эхийнхээ хөхөөр байх үед

Та намайг итгүүлсэн.

10Би төрөхөөсөө Танд даатгагдсан

Эхийнхээ хэвлийд байх үеэс минь

Та миний Бурхан байсан.

11Зовлон шаналан ойрхон

Туслагч ганц ч алга тул

Надаас бүү холдооч.

12Олон үхэр намайг хүрээлжээ.

Башаны хүчтэнүүд намайг бүсэлжээ.

13Хуу татахаар архиран байгаа арслан шиг

Тэд над уруу амаа том ангайлган байна.

14Намайг ус шиг асгасан бөгөөд

Бүх яс минь мултарсан.

Зүрх минь лааны тос адил

Дотор минь хайлсан.

15Хүч минь шаазангийн хэлтэрхий шиг хатаж,

Хэл минь түүшиндээ наалдав

Та намайг үхлийн шороонд тавьжээ.

16Учир нь, намайг ноход хүрээлжээ.

Ёрын мууг үйлдэгчдийн бүлэглэл

Намайг бүсэлжээ.

Тэд гар, хөлийг минь нэвт хатгалаа.

17Би бүх ясаа тоолж чадна.

Тэд харж, над уруу гөлрөн ширтэнэ.

18Тэд гадуур хувцсыг минь дундаа хувааж,

Хувцасны минь төлөө шодму.

19Харин, ЭЗЭН, Та бүү холдооч

Миний хүч чадал аа, надад туслахаар хурдлаач.

20Сэтгэлийг минь илднээс,

Ганц амийг минь нохойн эрхшээлээс авраач.

21Намайг арслангийн амнаас авраач.

Зэрлэг үхрийн эврээс аварч,

Надад хариу өгөөч.

22Таны нэрийг би

Ах дүүстээ хэлэх болно.

Чуулган дунд би

Таныг магтах болно.

23ЭЗЭНээс эмээгчид ээ, Түүнийг магт.

Иаковын үр удам болох та бүгд

Түүнийг алдаршуул.

Израилийн үр удам болох та бүгд

Түүнийг хүндэтгэ.

24Учир нь, Тэр зовогсдын зовлонг

Жигшээ ч үгүй, үзэн ядаа ч үгүй.

Тэр нүүрээ түүнээс нуугаа ч үгүй.

Харин тусламж гуйн түүнийг хашхирахад

Тэр сонссон юм.

25Их чуулганы дунд магтаал минь

Танаас ирдэг.

Түүнээс эмээгчдийн өмнө

Би тангаргаа биелүүлнэ.

26Ядуу нэгэн идэж, цадна.

ЭЗЭНийг эрэн хайгчид

Түүнийг магтах болно.

Та нарын зүрх мөнхөд амьд байх болтугай!

27Газрын бүх зах хязгаар

ЭЗЭНийг санаж, Түүн уруу эргэх болно

Улс үндэстнүүдийн бүх ураг

Таны өмнө хүндэтгэн мөргөнө.

28Учир нь хаанчлал нь ЭЗЭНийх

Тэрээр улс үндэстнүүдийг захирдаг.

29Дэлхийн бүх хүн мэхийн хүндэтгэх болно

Чинээлэг нь ч, иддэгүүд ч

Шороон доор орогчид ч,

Амь үл хадгалагчид бүгд

Өмнө нь сөгдөнө.

30Үр удмууд Түүнд зарагдах болно

Эзэний тухай ирэх үеүдэд яригдах болно.

31Тэд ирж, Тэр үүнийг үйлдсэн гэдгийг,

Ирээдүйд төрөх хүмүүст

Зөв шударгыг нь зарлах болно.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help