2Шастир 15 - Ариун Библи 2013(AB2013)

1Бурханы Сүнс, Одедын хүү Азариа дээр ирсэнд

2тэрээр Асатай уулзахаар явж, түүнд

—Аса болон бүх Иуда, Бениамин аа, намайг сонс. Та нар ЭЗЭНтэй хамт байх үед Тэрээр та нартай хамт байна. Хэрэв та нар Түүнийг хайвал, Тэрээр та нарт олдоно. Харин та нар Түүнийг түлхэн хаях аваас Тэр та нарыг хаях болно.

3Олон өдрийн туршид Израиль нь үнэн Бурхангүй, сургах тахилчгүй, хуульгүй байсан билээ.

4Гэвч зовлон шаналал дотроо тэд Израилийн Бурхан ЭЗЭН өөд эргэж, Түүнийг эрэлхийлэхэд Тэр тэдэнд олдож байсан.

5Тэр үеүдэд гарч, орох хүмүүст амар тайван байсангүй бөгөөд газар нутгийн оршин суугчдад олон үймээн самуун тохиолдож байсан юм.

6Бурхан тэднийг зовлон шаналан бүхнээр үймүүлсэн тул нэг үндэстнийг нөгөө үндэстэн, нэг хотыг нөгөө хот устгаж байв.

7Харин та нарын үйлсэд шагнал буй тул хүчтэй байж, гараа бүү сулруул гэв.

8Эдгээр үг болон эш үзүүлэгч Одедын хүү Азариагийн эш үзүүллэгийг сонсоод Аса зоригжин Иуда, Бениамины бүх газар нутгаас болон Ефраимын ууланд эзлэн авсан хотуудаасаа бузар шүтээнүүдийг зайлуулж мөн ЭЗЭНий үүдний танхимын урд талд байсан ЭЗЭНий тахилын ширээг сэргээн босгов.

9Асагийн Бурхан ЭЗЭН өөртэй нь хамт байгааг хараад, олон хүн Израилиас түүн уруу дагаар ирсэнд тэрээр бүх Иуда, Бениамин болон тэдэнтэй хамт амьдарч байсан, Ефраим, Манассе, Симеоноос ирж суурьшсан хүмүүсийг цуглуулав.

10Ингээд Асагийн хаанчлалын арван тавдугаар оны гуравдугаар сард тэд Иерусалимд цугларчээ.

11Тэр өдөр авчирсан олзноос тэд долоон зуун үхэр, долоон мянган хонийг ЭЗЭНд тахил өргөв.

12Тэд бүх зүрх, бүх сэтгэлээрээ эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг эрэлхийлэх гэрээнд оров.

13Харин Израилийн Бурхан ЭЗЭНийг эрэлхийлэхгүй хэн боловч, их бага, эр эм гэлгүй үхэх ёстой байв.

14Тэд чанга уухайлах дуугаар, бүрээ, эвэр бүрээгээр ЭЗЭНд тангараг өргөлөө.

15Тэд чин зүрхнээсээ тангараглаж, Түүнийг хүсэмжлэн эрэлхийлсэн бөгөөд Тэр тэдэнд олдсон учир энэ тангаргаас болж бүх Иуда баясан хөөрч байлаа. ЭЗЭН тэдэнд эргэн тойронд нь амралтыг өгөв.

16Тэр бас Аса хааны эх Маакаг эх хатан байхыг нь болиулжээ. Учир нь тэр Ашера мэт жигшүүрт хөргийг бүтээсэн юм. Аса түүний жигшүүрт хөргийг цавчиж, жижиглэн буталж, Кидрон гуунд шатаав.

17Мөргөлийн өндөрлөгүүд Израилиас зайлуулагдаагүй ч Асагийн зүрх сэтгэл амьдралынх нь турш бүрэн зориулагдсан байв.

18Тэр эцгийнхээ болон өөрийнхөө ариун өргөл болох алт, мөнгө ба хэрэгслүүдийг Бурханы өргөөнд авчрав.

19Асагийн хаанчлалын гучин тавдугаар он хүртэл ямар ч дайн гарсангүй.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help