2Самуел 22 - Ариун Библи 2013(AB2013)

Давидын талархлын дуу(Дуу 18)

1ЭЗЭН өөрийг нь хамаг дайснуудаас нь мөн Саулын гараас аварсан тэр өдөр Давид энэ дууг ЭЗЭНд дуулав.

2Тэр ийнхүү дуулав.

—ЭЗЭН бол миний хад, миний бэхлэлт,

Миний аврагч,

3Миний Бурхан, миний хоргодох хад,

Миний бамбай, миний авралын эвэр,

Миний цайз, миний хоргодох газар, миний аврагч,

Та намайг балмад явдлаас хамгаалдаг билээ.

4Магтуулах учиртай ЭЗЭНийг би дуудаад

Дайснуудаасаа би аврагдсан.

5Үхлийн давалгаа намайг хүрээлж

Мөхлийн урсгал намайг дайрч,

6Үхэгсдийн орны уяа намайг хэрж

Үхлийн урхинууд миний өмнө тулгарахад,

7Зовлон шаналан дотроо ЭЗЭНийг би дуудаж

Бурхандаа би хашхирсан.

Тэрээр сүмээсээ дуу хоолойг минь сонсож,

Түүний сонорт хашхираан минь очсон билээ.

8Түүнийг хилэгнэхэд газар хөдлөв.

Тэнгэрийн суурь ч доргив.

9Хамраас нь утаа суунаглаж,

Амнаас нь цөлмөгч гал гарч,

Цогшсон нүүрс асан дүрэлзэж байв.

10Тэнгэрсийг бөхийлгөж,

Түнэр харанхуйг хөлдөө дэвссээр

Тэр бууж ирэв.

11Херуб хөлөглөн, салхин жигүүрээр дүүлэн нисэв.

12Ус хураасан өтгөн үүлсийг

Өөрийгөө тойруулсан харанхуйн бүрхүүл болгов.

13Түүний өмнөх гялбаанаас нүүрс асан шатав.

14ЭЗЭН, тэнгэрээс аянга цахилуулан

Хамгийн Дээд Нэгэн нь дуугаа хүнгэнүүлэв.

15Тэрээр сум тавьж, тэднийг бутрааж,

Аянга гялбуулж, тэднийг бут ниргэсэн.

16ЭЗЭНий зэмлэлд хийгээд

Хамрынх нь амьсгалын хүчит цохилтоор

Далайн ёроол үзэгдэж,

Ертөнцийн сууриуд ил гарав.

17Тэр дээрээс сунган,

Намайг авч, их уснаас татан гаргав.

18Тэр намайг хүчит дайснаас минь

Намайг үзэн ядагчдаас аврав.

Учир нь тэд миний хувьд үлэмж хүчтэй байв.

19Тэд миний зовлонт өдөр надтай тулгарсан.

Гэвч ЭЗЭН миний түшиг байлаа.

20Тэр намайг таалсан учир

Намайг уудам газарт авчран аварсан билээ.

21Зөв шударга явдлын минь дагуу

Намайг ЭЗЭН шагнаж

Гар минь цэвэр ариун байсны төлөө намайг урамшуулав.

22Учир нь би ЭЗЭНий замыг баримталсан,

Бурууг үйлдэж Бурханаасаа салаагүй.

23Бүх тогтоол нь миний өмнө байсан

Би зарлигуудаас нь эргээгүй билээ.

24Би Түүний өмнө гэм зэмгүй байж

нүглээс өөрийгөө хол байлгав.

25Түүний мэлмийн өмнө би зөв шударга бөгөөд цэвэр ариун байсан тул

ЭЗЭН надад хариулсан юм.

26Итгэмжтэнд итгэмжээ үзүүлдэг Та,

гэм зэмгүйд гэмгүй л ханддаг.

27Цэвэр ариунд Та цэврээ,

Цэх шударга биш хүнд Та тэрс байдлаа харуулдаг.

28Дорой ядууг Та авардаг

Таны харц ихэмсгүүдийг номхтгодог.

29ЭЗЭН минь, Та миний дэнлүү билээ.

Миний харанхуйг ЭЗЭН гэрэлтүүлдэг билээ.

30Танаар би их цэргийг дайрч,

Бурхандаа түшиглээд би хэрмийг давж чаддаг.

31Бурханы зам төгс төгөлдөр юм.

ЭЗЭНий амлалт шалгагдсан билээ.

Түүнд хоргоддог бүхэнд

Тэрээр бамбай болдог.

32ЭЗЭНээс өөр

хэн Бурхан юм бэ?

Бидний Бурханаас өөр

хэн хад юм бэ?

33Хүч чадлаар намайг бүсэлдэг Бурхан

Замыг минь төгс болгодог.

34Тэр хөлийг минь гөрөөснийх мэт болгон,

Намайг өндөрлөг газарт аюулгүй суулгадаг.

35Тэр гарыг минь тулалдаанд бэлтгэдэг.

Ингэснээр гар шуу минь хүрэл нумыг тахийлгаж чаддаг.

36Та авралынхаа бамбайг надад өгсөн билээ.

Таны тусламж намайг агуу болгосон билээ.

37Та алхааг минь өргөсгөдөг

Тиймээс хөл минь халтирсангүй.

38Би дайснаа хөөж устган

тэднийг сөнөх хүртэл нь эргэж буцсангүй.

39Тэднийг би цөлмөв.

Тэднийг би сөнөөв.

Тиймээс тэд миний хөл доор унасан билээ.

40Тулалдахад минь Та намайг хүч чадлаар зэвсэглэж,

Намайг эсэргүүцэн босогчдыг миний доор хөсөр унагав.

41Та дайснуудын минь нурууг надад харуулав.

Намайг үзэн ядагчдыг би устгав.

42Тэд харуулдавч, аврах хэн ч байсангүй.

Тэд ЭЗЭНд хашхирсан боловч,

Тэр хариу өгсөнгүй.

43Би тэднийг газрын тоос шороо мэт бутаргав

Би тэднийг гудамжны шавхай мэт нухчин дэвслэв.

44Та намайг ард олны минь маргаанаас аварч,

Намайг үндэстнүүдийн тэргүүн байлгасаар байв.

Миний үл мэдэх хүмүүс ч надад үйлчлэв.

45Гаднынхан над дээр хулмалзсаар ирж,

Намайг сонсмогцоо тэд үг дуугүй дагадаг.

46Гаднынхан зүрх алдсаар

Бат цайзуудаасаа чичрэн гарч ирдэг.

47ЭЗЭН амьд!

Ерөөгдөх болтугай, миний хад!

Авралын минь хад Бурхан өргөмжлөгдөх болтугай!

48Миний төлөө өшөө авдаг Бурхан,

Хүмүүсийг миний дор оруулдаг.

49Намайг дайснуудаас минь гарган авчирдаг.

Эсэргүүцэгчдийн минь дээгүүр

Намайг Та өргөдөг юм.

Хүч хэрэглэгчдээс Та намайг аварсан билээ.

50Тиймээс ЭЗЭН Танд үндэстнүүдийн дундаас талархлыг өргөж,

Таны нэрийг би магтан дуулна.

51Тэр Өөрийнхөө хаанд авралын цамхаг бөгөөд

Өөрийнхөө тосолсон нэгэнд,

Давид болон түүний үр удамд хайр өршөөлийг үүрд мөнх үзүүлдэг

гэж дуулав.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help