Исаиа 59 - Ариун Библи 2013(AB2013)

Дарлал ба шударга бус нь шийтгэгдэнэ

1Үзэгтүн, ЭЗЭНий мутар

аварч чадахааргүй богино биш ээ.

Сонор нь сонсож чадахааргүй дүлий биш ээ.

2Харин хилэнц чинь та нарыг

Бурханаас хагацуулан

Нүглүүд чинь Түүний нүүрийг

Та нараас далдалжээ.

Тиймээс Тэр сонсдоггүй.

3Учир нь гар чинь цусаар,

Хуруу чинь хилэнцээр бузарлагдан

Уруул чинь худал ярьж,

Хэл чинь хилэнцэт зүйлийг өгүүлжээ.

4Хэн ч зөвт байдлын төлөө дуугаа өндөрсгөж,

Үнэнээр өмгөөлөхгүй байна.

Тэд төөрөгдөлд итгэн худал ярьж,

Гай хороос хөл хүнд болж,

Ёс бусыг төрүүлнэ.

5Тэд хорт могойн өндгийг дарж,

Аалзны тор нэхдэг.

Өндгийг нь идсэн хүн үхдэг бөгөөд

Хагарахад дотроос нь могой гардаг.

6Торнууд нь хувцас болохгүй агаад

Тэдний хийсэн бүтээл

Биеийг нь хучиж чадахгүй.

Тэдний үйлс нь ёс бус бөгөөд

Алганд нь хүчирхийллийн үйлс бий.

7Хөл нь муу тийш гүйн

Гэм буруугүй цусыг урсгахдаа яардаг.

Бодол нь цөвт муу бодол бөгөөд

Замд нь эвдрэл, сүйрэл бий.

8Тэд амар амгалангийн замыг эс мэднэ.

Зөрөг дээр нь шударга ёс гэж байхгүй.

Тэд жимээ муруй хазгай тавьснаас

Түүгээр явагчид нь амар тайвныг үл мэднэ.

9Иймээс шударга ёс биднээс хол,

Зөвт байдал ч бидэнд хүрэхгүй.

Бид гэрлийг эрэлхийлдэг ч харанхуй байна,

Гэгээг хайвч харанхуйд алхаж байна.

10Бид сохрууд мэт хана дагуу тэмтрэн

Нүдгүй адил тэмтэчнэ.

Үд дунд бид бүрэнхийд мэт бүдэрч,

Амьд сэрүүний дунд хүүр мэт буюу.

11Бүгд баавгай мэт хүрхрэн

Тагтаа мэт гүнгэнэнэ.

Шударга ёсыг хайвч алга.

Авралыг хүлээвч тэр нь биднээс хол аж.

12Учир нь гэмт үйлдлүүд маань

Таны өмнө үлэмж бөгөөд

Нүглүүд маань бидний эсрэг гэрчилдэг.

Гэмт үйлдлүүд маань бидэнтэй хамт байдаг.

Бид хилэнцээ мэднэ.

13Энэ нь самуурах ба ЭЗЭНийг үгүйсгэх,

Бурханаасаа эргэж буцан

Дарлал, тэрслэлийг ярих,

Зүрхнээсээ худал үгсийг сэдэн тунгаах болой.

14Шударга ёс хойш хаягдан

Зөвт байдал холдон зогсов.

Үнэн нь гудамжинд бүдэрч,

Шударга явдал нэвтэрч үл чадна.

15Тийм ээ, үнэн дутагдаж,

Ёрын муугаас холдогч нь тоногдов.

ЭЗЭН хараад,

Шударга ёс байхгүй нь

Түүний мэлмийд эс таалагдав.

16Хүн байхгүйг Тэр хараад,

зуучлагч үгүйд гайхжээ.

Тиймээс Тэр мутраараа

Түүнд авралыг авчран

Зөвт байдал нь Түүнийг дэмжив.

17Тэр Түүнд зөвт байдлыг хуяг мэт

Мөн авралын дуулгыг тэргүүнд нь өмсгөв.

Өс хонзонгийн өмсгөл хувцсыг өмсөн,

Өөрийгөө цуваар мэт зүтгэлээр ороов.

18Хийсэн үйлсийнх нь дагуу

Тэр өрсөлдөгчдөдөө уур хилэн

Дайснууддаа өшөө хонзон,

Эргийн нутгуудад зохих хариуг нь өгнө.

19Өрнө зүгт тэд ЭЗЭНий нэрээс

Наран ургах зүгт алдраас нь эмээнэ.

Урсгал мэт дайсан ирвэл

ЭЗЭНий салхи түүнийг хөөж явуулна.

20“Тэрээр Сион уруу Иаков доторх, гэмт үйлдлээсээ эргэсэн хүмүүс уруу Аврагч болон ирнэ” гэж ЭЗЭН тунхаглав.Ром 11:26

21“Миний хувьд, энэ нь тэдэнтэй байгуулах Миний гэрээ юм” гэж ЭЗЭН айлдаж байна. “Чиний дээр байгаа Миний Сүнс, чиний аманд тавьсан Миний үгс нь амнаас чинь ч, үр удмын чинь амнаас ч, үр удмын чинь үр удмын амнаас ч үүрд мөнх салахгүй” гэж ЭЗЭН айлдаж байна.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help