Дуулал 106 - Ариун Библи 2013(AB2013)

Израилийн нүглийг улайх нь

1ЭЗЭНийг магтагтун.

ЭЗЭНд талархал өргөгтүн.

Тэрээр сайн сайхан бөгөөд

Түүний хайр энэрэл үүрдийнх.

2ЭЗЭНий хүчит үйлсийн тухай

Хэн өгүүлж чадах вэ?

Түүний бүх магтаалыг

Хэн тунхаглаж чадах вэ?

3Бүхий л цаг үед шударга ёсыг сахигчид,

Зөвт байдлыг үйлдэгчид ерөөлтэй.

4Аяа ЭЗЭН, ард түмэндээ өгсөн таалал дотроо

Намайг санаач.

Авралтайгаа над дээр айлчлаач.

5Би Таны сонгогдогсдын сайн сайхныг харж,

Таны үндэстний баяр хөөрт баясаж,

Өвөөр тань бахархахын тулд юм.

6Бид ч эцэг өвгөд маань ч нүгэл хийжээ.

Бид хуулийг завхруулж, бурууг үйлджээ.

7Эцэг өвгөд маань Египетэд

Таны гайхамшгуудыг ухаарсангүй.

Таны үй олон энэрлийг тэд саналгүй,

Харин тэнгисийн, Улаан тэнгисийн дэргэд тэрсэлсэн.

8Гэлээ ч сүр хүчээ мэдүүлэхийн тулд

Тэрээр нэрийнхээ төлөө тэднийг аварсан.

9Тэрээр Улаан тэнгисийг зэмлэсэнд

Тэр нь хатсан бөгөөд

Тэр тэднийг цөл газраар мэт

Оёор гүнээр нь дагуулсан.

10Үзэн ядагчийнх нь гараас

Тэр тэднийг аварч,

Дайсны гараас зольсон.

11Өстнүүдийг нь ус бүрхсэн.

Нэг нь ч эс үлдсэн.

12Тэгэхэд тэд үгэнд нь итгэж,

Түүнд магтаалыг дуулсан.

13Гэвч тэд үйлсийг нь үтэр мартав.

Зөвлөгөөг нь тэд эс хүлээв.

14Харин цөлд ихэд шунан тачаадаж,

Зэлүүд газарт Бурханыг сорьсон.

15Иймээс Тэр хүсэж шаардсаныг нь өгсөн боловч

Тэдний аманд эцээх өвчнийг илгээсэн.

16Хуаранд тэд Мосед болон

ЭЗЭНий ариун хүн Ааронд атаархсан.

17Тэгтэл газар нээгдэн Датаныг залгиж,

Абирамын бүлэглэлийг дарсан.

18Тэдний бүлэглэл дотор гал дүрэлзэж,

Галын дөл буруутыг шатаасан.

19Хоребт тэд тугалыг бүтээж,

Цутгамал хөрөгт мөргөцгөөсөн.

20Өөрсдийн алдрыг ингэж тэд

Өвс иддэг үхрийн дүрсээр сольж

21Аврагч Бурханаа тэд мартсан юм.

Агуу зүйлсийг Тэрээр харин

Египетэд хийсэн байсан юм.

22Хамын нутагт гайхамшгуудыг,

Улаан тэнгисийн дэргэд

Сүрдмээр зүйлсийг үйлдсэн байлаа.

23Тиймээс л тэднийг устгана гэж

Тэр айлдсан юм.

Тэднийг устгах уур хилэнг нь эргүүлэхээр

Түүний сонгосон хүн Мосе өмнө нь

Цөмөрхий дунд зогсоогүйсэн бол үүнийгээ гүйцэлдүүлэх байсан.

24Тэгтэл тэд тааламжит нутгийг жигшсэн.

Үгэнд нь тэд итгэлгүй,

25Харин майхнууд дотроо эгдүүцэн бувтнасан.

ЭЗЭНий дуу хоолойг ч сонсоогүй.

26Тиймээс Тэр тэдэнд тангараглаж,

Тэднийг зэлүүд цөлд хаян,

27Үр удмыг нь үндэстнүүдийн дунд унагаж

Газар бүрд тэднийг тараах болно гэсэн.

28Тэд Баал-пеортой нийлж,

Үхэгсдийн тахилыг иджээ.

29Тэд үйлдлээрээ Түүнийг

Хилэнд өдөөсөн бөгөөд

Тэдний дунд тахал дэлгэрсэн.

30Тэр үед Финехас босож,

Шүүлтийг гүйцэтгэсэн бөгөөд

Тахал зогссон.

31Энэ нь үеэс үед мөнхөд

Түүнд зөв зүйтэй гэж тооцогдсон.

32Тэд бас Мерибагийн их усны дэргэд хилэгнэхэд хүргэсэн

Түүнийг хилэнг өдөөсөн бөгөөд

Тэднээс болж Мосе хэцүүдсэн.

33Тэд Сүнснийх нь эсрэг тэрсэлсэн учраас

Тэрээр гоомой үгс хэлсэн юм.

34ЭЗЭНий өөрсдөд нь тушаасан ёсоор

Тэд тэрхүү ард түмнүүдийг үл устгасан,

35Харин үндэстнүүдтэй хутгалдан

Үйлсээс нь суралцаж,

36Өөрсдөд нь урхи болох

Шүтээнүүдэд нь үйлчилсэн.

37Охид, хөвгүүдээрээ тэд чөтгөрүүдийг тахиж,

38Гэмгүй цусыг урсгасан.

Охид хөвгүүдийнхээ цусаар

Канааны шүтээнүүдийг тахисан

Тэгээд газар цусаар бузарлагдсан.

39Ийн тэд үйлсээрээ бузарлагдан

Үйлдлээрээ садар самууныг хийжээ.

40Тиймээс ЭЗЭНий уур хилэн

хүмүүсийнхээ эсрэг асаж,

Тэр Өөрийн өвийг жигшсэн.

41Тэр тэднийг үндэстнүүдийн гарт оруулсан

Үзэн ядагчид нь тэднийг захирсан.

42Дайснууд нь ч бас тэднийг дарангуйлсан.

Тэд гар дор нь номхорсон.

43Олон удаа Тэр тэднийг аварсан.

Харин тэд сэдлээрээ тэрсэлж,

Гэм буруудаа улам шигдэн ялзарсан.

44Тэгсэн ч, хашхирахыг нь сонсохдоо

Тэрээр шаналлыг нь харсан.

45Тэдний төлөө гэрээгээ санаж,

Энэрэл хайрынхаа бялхмын ёсоор

Тэр өрөвдсөн.

46Бас олзлон авагч бүхнийх нь өмнө

Тэрээр тэдэнд энэрлийг соёрхсон.

47Бидний Бурхан ЭЗЭН, биднийг авраач.

Таны ариун нэрд талархлыг,

Таны магтаал дотор алдрыг бид өргөхийн тулд

Үндэстнүүдийн дундаас биднийг цуглуулаач.

48Израилийн Бурхан ЭЗЭН

Мөнхөөс мөнхөд магтагдах болтугай.

Бүх ард түмэн “Амен” гэж хэлтүгэй!

ЭЗЭНийг магтагтун!

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help