Иоел 2 - Ариун Библи 2013(AB2013)

1Сионд бүрээ татан,

Ариун уулан дээр минь түгшүүр зарлагтун.

ЭЗЭНий өдөр ирж байгаа тул

Энэ нутгийн суугчид бүгд чичрэгтүн.

Үнэхээр тэр өдөр ойрхон байна.

2Бүрхэг, харанхуй өдөр,

Манантай, түнэр харанхуй өдөр.

Уулсын дээгүүр үүрийн туяа цацрах мэт

Агуу хүчирхэг ард түмэн энд тархаж байна.

Үүнтэй адил зүйл урьд нь болж байгаагүй,

Үүнээс хойш олон үед ч дахин гарахгүй.

3Тэдний өмнө гал шатаж,

Ард нь дөл дүрэлзэнэ.

Тэднийг ирэхээс өмнө энэ нутаг

Еден цэцэрлэг шиг байх боловч

Дараа нь зэлүүд цөл шиг болно.

Тэднээс юу ч зугтаж эс чадна.

4Төрх нь морьдын төрх мэт,

Тэд дайны морьд мэт давхилдана.

5Тэрэгнүүд шиг нүргээнтэйгээр

Тэд уулсын оройгоор үсэрнэ.

Тэд сүрлийн ёзоорыг шатааж буй галын чимээ мэт,

Тулалдаанд бэлтгэгдсэн хүчит ард түмэн мэт билээ.

6Тэдний өмнө хүмүүс түгшин

Бүгдийн царай хувхайрна.

7Тэд хүчит эрчүүд мэт гүйлдэн

Цэргүүд мэт хэрэм өөд авирна.

Тэд тусбүр жагсаалаар урагшилж,

Замаасаа эс гажна.

8Тэд бие биеэ үл түлхэн

Өөр өөрсдийнхөө замаар алхана.

Тэд хамгаалалтаар дамжин гарахдаа ч

Эгнээгээ эс алдана.

9Тэд хотыг дайран хэрмэн дээгүүр гүйлдэж,

Байшин өөд авиран, хулгайч мэт цонхоор дотогш орно.

10Тэдний өмнө газар хөдөлж, тэнгэр доргин,

Нар сар харанхуйлж, оддын гэрэл бөхнө.

11ЭЗЭН цэргийнхээ тэргүүнд дуугаа өргөнө.

Хуаран нь юутай том.

Учир нь тушаалыг нь биелүүлэгч хүчирхэг ажгуу.

ЭЗЭНий өдөр үнэхээр агуу, маш аймшигтай.

Хэн үүнийг тэвчиж чадах вэ?

12ЭЗЭН тунхаглаж байна.

“Одоо гэлтгүй мацаг, уйлаан, гашуудал дор

Над уруу зүрхээрээ эргэгтүн!

13Та нар хувцсаа биш,

Харин зүрхээ урж тасчигтун”

Бурхан ЭЗЭНдээ эргэгтүн.

Учир нь Тэрээр нигүүлсэнгүй, өршөөнгүй,

Уурлахдаа удаан, хайр энэрлээр бялхам,

Шийтгэхдээ зөөлөрдөг.

14ЭЗЭН зөөлрөхөө больж,

Ерөөлөө ардаа орхин

Бурхан ЭЗЭНд чинь зориулагдсан идээн өргөл, ундаан өргөлийг

Орхихыг хэн мэдлээ?

15Сионд бүрээ үлээгтүн.

Мацаг барилтыг ариусган

Тусгай чуулааныг зарлан тунхаглагтун.

16Ард түмнийг цуглуулж, чуулганыг ариусга.

Ахмадуудыг авчирч,

Хүүхдүүд, хөхүүл хүүхдүүдийг цуглуулагтун.

Сүйт залууг өрөөнөөс нь,

Сүйт бүсгүйг унтлагын өрөөнөөс нь гаргагтун.

17ЭЗЭНд үйлчлэгч, тахилч нар сүмийн үүдний танхим,

Тахилын ширээний хооронд уйлагтун.

Тэд “ЭЗЭН, ард түмнээ хэлтрүүлээч.

Өөрийн өвийг доромжлол,

Үндэстнүүдийн дундах зүйрлэл бүү болгооч.

Яагаад тэд ард түмнүүдийн дунд

«Тэдний Бурхан хаана байна вэ?» гэлцэх ёстой юм бэ?” гэж хэлэг.

Бурханы хариу ба амлалт

18Дараа нь ЭЗЭН газраа чандлан,

Ард түмнээ өрөвдөнө.

19ЭЗЭН хариулж, ард түмэндээ

“Үзэгтүн, Би та нарт үр тариа, усан үзмийн шинэ дарс, тосыг илгээх гэж байна.

Та нар түүгээр хангагдах болно.

Би хэзээ ч дахин та нарыг

Үндэстнүүдийн дунд доромжлол болгохгүй.

20Харин Би хойд зүгийнхнийг та нараас алс холдуулан

Тэднийг хатсан зэлүүд газар уруу шахаж,

Тэдний манлайг дорнын тэнгис уруу,

Арын хамгаалалтыг нь өрнийн тэнгис уруу хөөн зайлуулна.

Муухай үнэр нь дэгдэн

Эхүүн үнэр нь гарч ирнэ.

Учир нь Тэрээр агуу зүйлсийг хийсэн юм” гэж хэлэх болно.

21Газар аа, бүү айгтун,

Хөгжин баясагтун.

Учир нь ЭЗЭН агуу зүйлсийг хийсэн.

22Хээр талын адгуус амьтад аа, бүү айгтун.

Учир нь цөлийн бэлчээр ч ногоорч,

Мод үр жимсээ гарган

Инжрийн мод, усан үзмийн мод ургацаа өгнө.

23Сионы хөвгүүд ээ, хөгжилтэй байгтун.

Бурхан ЭЗЭНийхээ дотор баясаж баярлагтун.

Учир нь Тэрээр эхний бороог

Зөвтгөлийн учир та нарт хүртээн

Та нарын төлөө бороо асгаж,

Урьдын адил эхний болон сүүлийн бороог оруулж өгнө.

24Үтрэмүүд тариагаар дүүрч,

Торхнууд усан үзмийн шинэ дарс, тосоор бялхах болно.

25“Дараа нь та нарын эсрэг

Миний илгээсэн агуу их цэрэг буюу

Царцаа, дэвхрэг, төөлүүр хорхой, авгалдайны цөлмөсөн он жилүүдийг

Би та нарт нөхөн төлнө.

26Та нар хангалуун идэж, цадан

Та нарт гайхамшгийг хийж өгсөн

Бурхан ЭЗЭНийхээ нэрийг магтах болно.

Тэгээд ард түмэн минь хэзээ ч ичгүүрт унахгүй.

27Ингэж Намайг Израилийн дунд байгааг болон

Намайг Бурхан ЭЗЭН чинь бөгөөд өөр хэн ч биш гэдгийг

Та нар мэдэх болно.

Ард түмэн минь хэзээд ичгүүрт унахгүй.

Ариун Сүнсний цутгалт

28Дараа нь Би Сүнсээ бүх махбод дээр цутгана.

Хөвгүүд, охид чинь эш үзүүлж

Хөгшчүүл чинь зүүд зүүдэлж,

Залуус чинь үзэгдэл үзнэ.

29Боол шивэгчингүүд дээр ч

Тэр өдрүүдэд Би Сүнсээ цутгана.

30Би тэнгэр ба газарт совин ёр үзүүлнэ.

Тэр нь цус, гал, утаан багананууд болой.

31ЭЗЭНий агуу, аймшигт өдөр ирэхийн өмнө

Нар харанхуйлж, сар цус мэт болно.

32ЭЗЭНий нэрийг дууддаг бүхэн аврагдах болно.

ЭЗЭНий айлдсанаар Сион уул ба Иерусалимын хувьд

Тэнд зугтагсад байх болно

ЭЗЭНий айлдсанаар

ЭЗЭНий дуудсан хүмүүс

Амь мултрагсдын дунд байх болно.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help