Дуулал 115 - Ариун Библи 2013(AB2013)

Бурхан ба шүтээний ялгаа

1Бидэнд биш, өө ЭЗЭН, бидэнд биш,

Энэрэл хайр ба үнэнийхээ төлөө

Өөрийнхөө нэрд л алдрыг өргө.

2Үндэстнүүд юунд

“Тэдний Бурхан одоо хаана байна вэ?” гэх ёстой вэ?

3Бурхан маань тэнгэрт байдаг.

Тэр хүссэн бүхнээ үйлддэг.

4Тэдний шүтээнүүд гэвээс мөнгө ба алт,

Хүний гарын бүтээл буюу.

5Амтай боловч ярьдаггүй

Нүдтэй боловч хардаггүй

6Чихтэй боловч сонсдоггүй

Хамартай боловч үнэрлэдэггүй

7Гартай боловч тэмтэрдэггүй

Хөлтэй боловч алхдаггүй

Хоолойгоороо ч дуу гаргадаггүй.

8Тэдгээрийг бүтээгчид,

Тэдэнд итгэгч бүгд

тэдэнтэйгээ адил буюу.

9Израиль аа, ЭЗЭНд итгэгтүн.

Тэдний тусламж, тэдний бамбай нь Тэр юм.

10Аароны гэр ээ, ЭЗЭНд итгэгтүн.

Тэдний тусламж, тэдний бамбай нь Тэр юм.

11ЭЗЭНээс эмээгчид ээ,

ЭЗЭНд итгэгтүн.

Тэдний тусламж, тэдний бамбай нь Тэр юм.

12ЭЗЭН биднийг санасаар ирсэн,

Тэр ерөөнө.

Израилийн гэрийг ерөөнө.

Аароны гэрийг ч бас ерөөнө.

13ЭЗЭНээс эмээгсдийг

Их багагүй хамтад нь Тэр ерөөнө.

14ЭЗЭН та нарыг,

Та нар дээр та нарын хүүхдүүдийг ч

улам нэмэх болтугай.

15Тэнгэр газрыг бүтээгч ЭЗЭНээс

Та нар ерөөл хүртэх болтугай.

16Тэнгэрс бол ЭЗЭНий тэнгэрс,

Харин дэлхийг Тэрээр хүний хөвгүүдэд өгчээ.

17Үхэгсэд, анир чимээгүй уруу одогсод

ЭЗЭНийг магтдаггүй.

18Харин бид өдгөөгөөс өнө мөнхөд

ЭЗЭНийг магтана.

ЭЗЭНийг магтагтун!

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help