Хосеа 5 - Ариун Библи 2013(AB2013)

Израиль, Иудагийн шүүлт айсуй

1Тахилч нар аа, үүнийг сонс!

Израилийн гэр ээ, анхаарагтун!

Хааны гэр ээ, чих тавигтун!

Учир нь та нар шийтгэгдэнэ.

Та нар Мизпа дахь урхи,

Таборын дээр дэлгэгдсэн тор болж,

2Шитимд гүн нүх ухсан ч

Би тэднийг бүгдийг нь шийтгэх болно.

3Ефраимыг Би мэднэ

Израиль Надаас нуугдаж эс чадна.

Ефраим аа, чи одоо завхайрсан,

Израиль өөрийгөө бузарласан.

4Үйлдэл нь тэднийг Бурханыхаа зүг эргэхийг

эс зөвшөөрнө.

Учир нь, садарлагч сүнс дотор чинь байна.

Тэд ЭЗЭНийг мэддэггүй.

5Израилийн бардамнал

Өөрийнхөө эсрэг гэрчилнэ.

Израиль, Ефраим хилэнцдээ бүдэрнэ.

Иуда ч тэдэнтэй бүдэрчээ.

6Тэд ЭЗЭНийг хайхаар

Хонин сүрэг, үхэр сүрэгтэйгээ явах боловч олохгүй.

Тэр тэднээс нэгэнт холджээ.

7Тэд ЭЗЭНд итгэмжгүй хандаж,

Тэд бутач хүүхдүүд төрүүлжээ.

Одоо шинэ сар тэднийг

Газартай нь цөлмөх болно.

8Гибеад эвэр, Рамад бүрээ үлээ.

Бет-Авенд “Бениамин аа, араас чинь” гэж

түгшүүр зарла.

9Гэсгээлийн өдөр Ефраим эзгүйрнэ.

Израилийн овгууд дээр зайлшгүй болох юмыг

Би тунхагласан.

10Иудагийн ноёд хил хязгаарыг хөдөлгөгчид мэт болжээ.

Тэдний дээр Би уур хилэнгээ ус мэт цутгана.

11Ефраим дарлагдан, шүүлтэд бяцлагдсан.

Учир нь тэр хоосныг шийдэмгий дагажээ.

12Иймд Би Ефраимд хивэн эрвээхэй,

Иудагийн гэрт ялзрал мэт болно.

13Ефраим өвчнөө, Иуда шархаа үзээд,

Ефраим Ассири уруу явж,

Иареб хаан уруу илгээв.

Харин тэр чамайг эдгээж,

Шархыг чинь эмчилж чадахгүй.

14Учир нь Би Ефраимын хувьд арслан мэт,

Иудагийн гэрийн хувьд залуу арслан мэт байх болно.

Би Өөрөө тасчин урж явна.

Намайг авч явахад хэн ч аварч эс чадна.

15Тэд буруугаа мэдээд, Миний

нүүрийг эрэлхийлэх хүртэл нь

Би явна, байдаг газартаа буцна.

Зовлон шаналал дундаа тэд

Намайг хичээнгүйлэн хайх болно.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help