Исаиа 26 - Ариун Библи 2013(AB2013)

Иудагийн ялалтын дуу

1Тэр өдөр Иудагийн нутагт энэ дуу дуулагдана.

“Бидэнд хүчирхэг хот байна.

Авралд зориулан Тэрээр

Хэрэм, бэхлэлт босгожээ.

2Үүд хаалгаа нээн итгэмжит байдлыг сахигч,

Зөвт үндэстнийг оруул!

3Танд итгэдгийн улмаас

Санаа бат хүмүүнийг

Та амрын амар байлгана.

4ЭЗЭНд үүрд итгэгтүн!

Учир нь ЭЗЭН БУРХАН дотор

Мөнхийн хад бий.

5Өндөрт залрагчдыг

Тэрээр номхтгож,

Халдашгүй хотыг доройтуулан

Газарт унаган шороонд шиднэ.

6Түүнийг зүдрэгсэд, ядуусын хөл

гишгэлж дэвсэлнэ”.

7Зөв шударгын зам нь чигч шулуун ажээ.

Аяа Зөвт Нэгэн ээ,

Зөвт хүний замыг тэгшхэн тавиач.

8ЭЗЭН минь, Таны шүүлтийн замаар алхахдаа

Таныг хүсэн хүлээнэ.

Таны нэр, Таныг дурсан магтах нь

Сэтгэлийн маань хүсэл болой.

9Шөнөөр сэтгэл минь

Таныг хүсэмжлэн сүнс минь

Таныг шаргуу эрэлхийлнэ.

Дэлхий Таны шүүлтийг эдлэх үед

Ертөнцийн суугчид зөв явдалд суралцана.

10Буруу муу хүн энэрэл хайрыг ававч

Зөв явдлыг сурдаггүй.

Зөв шударгын газарт бурууг тэрээр үйлдэн

ЭЗЭНий цог жавхланг эс олж харна.

11ЭЗЭН, Таны мутар өргөгдөвч

тэд үл үзнэ.

Хүмүүсийн төлөөх зүтгэлээ Та тэдэнд харуулж,

Тэднийг ичээгээч.

Үнэхээр Таны дайснуудыг гал залгина.

12ЭЗЭН, Та мөн бидний төлөө бүх үйлсийг минь бүтээсэн учраас

Та бидэнд энхийг тогтооно.

13Аяа Бурхан ЭЗЭН,

Танаас өөр эзэд биднийг захирсан боловч

Зөвхөн Танаар дамжуулан

Нэрийг тань дурдах болно.

14Үхдэл нь амьдрахгүй, сүүдрүүд босохгүй.

Тиймээс Та тэднийг шийтгэн устгаж,

Тэдний аливаа дурсамжийг арилгасан.

15ЭЗЭН минь, Та үндэстнийг олшруулж,

Үндэстнийг өсгөж,

Та алдаршлаа.

Газрын бүх хязгаарт

Та хүрсэн.

16ЭЗЭН минь, тэд шаналахдаа

Таныг эрсэн.

Таны гэсгээлт дээр нь байхад

Шивнэсэн залбирал л гарна.

17Жирэмсэн эмэгтэй төрөхдөө зовон,

Өвдөх шаналлаасаа болж орилдог шиг

ЭЗЭН минь бид чинь

Таны өмнө ийм л байсан.

18Жирэмслэн өвдсөн боловч

Салхи төрүүлж байгаа мэт байна.

Бид дэлхийн төлөөх чөлөөлөлтийг гүйцээж чадсангүй.

Ертөнцийн суугчид ч төрүүлсэнгүй.

19Таны үхэгсэд амилж,

Цогцос минь босно.

Тоосонд хэвтэгчид ээ!

Бос, баярлан хашхирагтун.

Таны шүүдэр нь гэрлүүдийн шүүдэр мэт билээ.

Газар нь сүгүүдийг гаргана.

20Ард түмэн минь, ирцгээ,

Өрөөндөө ороод хаалгаа хаагтун!

Уур хилэн өнгөртөл,

Түр зуур нуугдагтун!

21Учир нь ЭЗЭН дэлхийн оршин суугчдыг

Хилэнцийнх нь төлөө шийтгэхээр

Өөрийнхөө газраас ирэх гэж байна.

Дэлхий асгарсан цусаа илчлэн

Алагдагсдыг дахин далдлахгүй.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help