Исаиа 42 - Ариун Библи 2013(AB2013)

Үндэстнүүдийн Үйлчлэгч бас Гэрэл

1Миний дэмнэдэг Зарц,

Миний сонгосон, таалдаг Нэгэнийг минь хар.

Би Түүний дээр Сүнсээ байлгана.

Тэрээр үндэстнүүдэд шударга ёсыг авчирна.

2Тэр хашхирахгүй, дуугаа өндөрсгөхгүй,

гудамжинд ч сонсгохгүй.

3Бяцарсан зэгсийг хугалахгүй,

Бүдгэрсэн дэнг бөхөөхгүй.

Шударга ёсыг үнэхээр Тэр авчирна.

4Дэлхийд шударга ёсыг тогтоох хүртэлээ

Тэрээр сульдахгүй, бяцрахгүй.

Эргийн нутагт ч Түүний хуулийг найдан хүлээнэ.

5Тэнгэрийг бүтээж татаад,

Дэлхий болон түүнээс гарах бүхнийг дэлгэсэн,

Түүн дээрх хүмүүст амьсгалыг,

Түүний дотор явагчдад сүнсийг өгөгч

Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна.

6“Би ЭЗЭН.

Чамайг зөвт байдалд дуудаж,

гараас чинь атгаад,

Чамайг хамгаалж, Чамайг ард түмний гэрээ хэмээн,

Үндэстнүүдийн гэрэл болгож өгнө.

7Энэ нь сохрын нүдийг нээж,

Гяндангаас хоригдлуудыг чөлөөлөн,

Харанхуйд суугчдыг хорионы гэрээс гаргахын тулд юм.

8Би ЭЗЭН.

Нэр минь Тэр билээ.

Би алдраа бусдад, магтаалаа сийлмэл хөргүүдэд өгөхгүй.

9Үзэгтүн, урьдын юмс болж өнгөрчээ.

Би шинэ юмыг мэдүүлж байна.

Соёолон гарахаас нь өмнө

Би та нарт сонордуулна.”

Магтаалын магтуу

10Далай уруу орогч ба дотор нь буй бүгд,

Арлууд болон дээр нь оршин суугчид аа.

ЭЗЭНд шинэ дуу дуулж,

Түүнийг дэлхийн хязгаараас магтагтун.

11Цөл хийгээд хотууд,

Кедарын амьдран суудаг суурингууд дуугаа өргөгтүн.

Хад чулуун дунд оршин суугчид

Чангаар дуулагтун.

Тэд уулсын оройгоос баярлан хашхирах болтугай!

12Тэд ЭЗЭНд алдрыг өргөн

Магтаалыг нь эргийн орнуудад тунхаглах болтугай!

13ЭЗЭН дайчин мэт урагшилж,

Дайнч эр мэт зүтгэн босоод,

Хашхиран уухайлж, дайснаа дарна.

14Би удаан хугацаагаар дуугаа хурааж, биеэ барилаа.

Одоо Би төрөх гэж байгаа эмэгтэй мэт хашхирч,

Хоосруулан сүйтгэж, бүхнийг залгих болно.

15Би уул толгодыг хоослон

Бүх өвс ногоог нь хатаан

Гол мөрнийг нь арлууд болгож,

Цөөрмүүдийг нь ширгээнэ.

16Би сохруудыг мэдэхгүй замаар явуулан

Мэдэхгүй харгуйгаар тэднийг удирдана.

Би өмнө нь харанхуйг гэрэл болгон,

Муруйг тэгш болгоно.

Би тэдэнд үүнийг хийх бөгөөд

тэднийг орхихгүй.

17Сийлмэл хөргүүдэд итгэгсэд,

Цутгамал хөргүүдийг “Та нар бурхад маань” гэж хэлэгсэд

Хойшоо эргэн бүрмөсөн гутаагдана.

18Дүлий хүмүүс ээ, сонсогтун!

Сохор хүмүүс ээ, үзэхийн тулд харагтун!

19Боолоос минь өөр сохор хүн хэн бэ?

Миний илгээсэн элчийн минь адил дүлий нь хэн бэ?

Үнэнч нэгэн шиг минь сохор эсвэл

ЭЗЭНий боолын адил сохор хүн хэн бэ?

20Чи үзсэн, олон юмыг үзсэн боловч анзаараагүй.

Чих чинь нээлттэй байсан авч юуг ч сонсоогүй.

Дуулгаваргүй Израиль

21Зөвт байдлынхаа төлөө

Хуулийг агуу их, хүндтэй болгох нь

ЭЗЭНд таатай байдаг.

22Гэвч энэ нь тонуулж, дээрэмдүүлсэн ард түмэн.

Тэд бүгд нүхэнд хүлэгдэж,

Хорионы гэрүүдэд нууцлагджээ.

Тэд олз болсонд

Тэднийг хэн ч чөлөөлөхгүй.

Тэд дээрэмдүүлсэн ч

“Буцааж өг” гэж хэн ч хэлэхгүй.

23Та нараас хэн чагнах вэ?

Хэн ирээдүйд анхаарч, сонсох юм бэ?

24Хэн Иаковыг олзонд

Израилийг дээрэмчдэд өгсөн бэ?

Бид Өөрийнх нь эсрэг нүгэл үйлдэж,

Бас тэд замаар нь яваагүй,

Хуулийг нь ч дагаагүй

Тэр ЭЗЭН биш гэж үү?

25Тиймээс хилэнгийнхээ ааг омгийг,

Дайны хатуу ширүүнийг Тэр тэдний дээр асгав.

Тэднийг бүх талаас нь галдсан боловч

тэд ойлгосонгүй.

Тэднийг шатаасан боловч

тэд зүрхэндээ авсангүй.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help