Сургаалт үгс 7 - Ариун Библи 2013(AB2013)

Завхайрлын хуурамч өнгө

1Хүү минь, үгийг минь сахь.

Тушаалуудыг минь дотроо нандигнаж яв.

2Тушаалуудыг минь сахиж амьдар.

Хууль зааврыг минь нүдний цэцгий мэт

3Эдгээрийг хуруунууддаа ороо,

Тэдгээрийг зүрхнийхээ самбарт бич.

4Мэргэн ухаанд “Та миний эгч мөн” гэж хэлэгтүн!

Ухаарлыг дотнын андаа гэж дуудагтун!

5Садар эм болон үгээрээ зусардах хөндлөнгийн эмээс

Энэ л чамайг хамгаална.

6Гэрийнхээ цонхны сараалжаар гадагш нэг хартал

7Гэнэн хөвгүүдийн дундах ухваргүй нэг залууг ажтал

8Өнөөх нь тэр эмэгтэйн гудамжийг хөндлөн гарч, гэр уруу нь замнасан нь

9Үдшийн бүрий болон оройн цагаар,

шөнө дунд, харанхуйгаар ажээ.

10Эмэгтэй ч өнөөхийг угтан гарч ирлээ.

Янхан мэт хувцасласан бөгөөд зүрх нь зальхай байлаа.

11Тэр эмэгтэй дуу чангатай, даруулгагүй нэгэн бөгөөд

Гэртээ ч үл тогтоно.

12Гудамжинд ч, олон хөлийн газарт ч,

Булан тохойн ард ч тэр отох ажгуу.

13Өнөөхийг тэврэн авч үнсээд,

Нүүрэмгий нь аргагүй тэр эм түүнд

14“Эвийн тахил надад байна

Ам тангаргаа өнөө биелүүлсэн тул

15Чамтай учрахаар гарав, би.

Чамайгаа хайн гартал чамайг олов, би!

16Ор дэрээ би өнгө алагласан,

Египетийн маалинган даавуун бүтээлгүүдээр бүтээв.

17Орон дотроо би мирр, зуун наст, шанц зэргийг анхилуулан цацав.

18Ирээч, өглөө хүртэл янаг хайраа бүрэн эдэлье.

Амраглан жаргацгаая.

19Нөхөр эзгүй

Алс холын аянд мордсон.

20Тэрээр зоостой хүүдийг авч одов.

Тэргэл сартай өдөр л буцаж ирнэ” гэв.

21Зөндөө олон ятгалгаараа өнөөх эрийг уруу татаж,

Зөөлөн уруулаараа толгойг нь эргүүлж амжив.

22Өнөөх нь эмэгтэйн араас

Нядалгаа уруу явж буй шар мэт

Занганд цовхчих хандгай мэт дагах нь

23Сумны зэв элгийг нь нэвт сүлбэх хүртэл бөлгөө.

Урхи уруу яарах жигүүртэн лугаа адил

Амь юугаараа төлнө гэдгээ эс мэднэ.

24Иймд хөвгүүд минь, намайг сонс.

Амнаас гарах үгэнд минь анхааралаа хандуул.

25Зүрх чинь тэр эмийн зам уруу бүү эргэг.

Жим уруу нь бүү төөрөлд.

26Түүнд шархлуулан хаягдагсад олон

Түүнд алуулсан эрс тоймгүй.

27Ийм эмийн гэр Үхэгсдийн оронд хүрдэг зам агаад

Үхлийн танхимууд хүртэл уруудмуй.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help