Исаиа 50 - Ариун Библи 2013(AB2013)

1ЭЗЭН ингэж айлдаж байна.

“Би эхийг чинь хөөхдөө өгсөн

Салалтын гэрчилгээ нь хаана байна вэ?

Зээлдүүлэгчдийнхээ хэнд нь

Би чамайг худалдсан юм бэ?

Үзэгтүн, та нар хилэнцээсээ болж худалдагдсан,

Эх чинь ч гэмт үйлдлээс чинь болж хөөгдсөн.

2Намайг ирэхэд яагаад хүн байхгүй байв?

Намайг дуудахад яагаад хэн ч эс хариулав?

Миний мутар зольж чадахааргүй богино болсон юм уу?

Эсвэл Надад аврах хүч байхгүй юу?

Үзэгтүн, Би зэмлэлээрээ далайг ширгээж,

Гол мөрөнг цөл болгох бөгөөд

Тэндхийн загас усгүйгээс болж өмхийрөн, цангаж үхнэ.

3Би тэнгэрийг харанхуйгаар хучин

Бүтээлгийг нь таар болгоно.”

Зарцын амсах бүхэн

4Эцэж ядарсан хүнд үгээр туслахыг мэдээсэй хэмээн

Эзэн БУРХАН Надад шавийн хэл өгсөн.

Тэр өглөө бүр Намайг сэрээн шавь мэт сонсгохын тулд

Чихийг минь Тэр нээнэ.

5Эзэн БУРХАН чихийг минь нээсэн бөгөөд

Би ч тэрсэлсэнгүй, гэдрэг ухарсангүй.

6Цохигчдод Би нуруугаа өгч,

Сахлыг минь үгтээх хүнд хацраа тавьж өглөө.

Доромжлол, нулималтаас Би нүүрээ халхлаагүй.

7Учир нь Эзэн БУРХАН Надад тусалдаг.

Тиймээс Би гутамшиг болохгүй.

Тиймээс Би нүүрээ цахиур мэт байлгасан ба

Ичгүүрт орохгүй гэдгээ Би мэднэ.

8Намайг зөвтгөгч ойрхон байна.

Хэн Надтай тэмцэлдэх вэ?

Хамтдаа зогсоцгооё.

Ямар хүн Надтай заргалдах вэ?

Тэр дэргэд минь ирэг.

9Үзэгтүн, Надад тусалдаг

Эзэн БУРХАН байна.

Хэн Намайг яллах вэ?

Харагтун, тэд бүгд хувцас адил хуучирч,

Хивэн эрвээхэйд идүүлнэ.

10Дотор чинь ЭЗЭНээс эмээх,

Зарцынх нь дуу хоолойг дуулгавартай дагах,

Харанхуйд явж, гэрэлгүй байх хэн бэ?

Тэрээр ЭЗЭНий нэрд итгэж,

Бурхандаа найдагтун.

11Гал ноцоож,

Гал сумаараа хүрээлэгчид ээ, харагтун,

Бүгдээрээ галынхаа гэрэлд,

Ноцоосон сумнуудынхаа дундуур алхагтун.

Мутраас минь авах зүйл чинь энэ билээ.

Чи зовлон шаналал дунд хэвтэнэ.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help