Иов 5 - Ариун Библи 2013(AB2013)

Бурхан бол залруулагч

1Одоо дуудаач, хариулах хэн нэгэн байна уу?

Олон ариун хүний алинд нь чи хандах вэ?

2Түргэн уур мунхагийг алж,

Гэнэн хүнийг атаархал хөнөөдөг.

3Үндэслэж буй мунхгийг би харж

Орон гэрийг нь шууд хараав.

4Аюулгүй байдал үр хүүхдээс нь хол бөгөөд

Дааман хаалган дотор тэднийг бяцлагдахад

Аврагч үгүй аж.

5Өлөн хүмүүс тэдний ургацыг цөлмөж,

Өргөст бутнууд дундаас ч түүж хамдаг агаад

Цангагчид эд хөрөнгөнд нь санаархдаг.

6Золгүй явдал шорооноос гардаггүй,

Зовлон гамшиг ч газраас ургадаггүй юм.

7Дээш үсчих оч адил

Зовлонгийн төлөө л хүн төрдөг.

8Харин би Бурханыг эрэлхийлж,

Бурханы өмнө өөрийн хэргийг тавихсан.

9Тэрээр аугаа, ухааршгүй зүйлсийг болон

Тоо томшгүй гайхамшгуудыг үйлддэг.

10Тэрээр газар дэлхий дээр хур бороо өгч,

Талбайнуудад ус илгээдэг бөгөөд

11Дорой хүмүүсийг Тэр өндөрт тавьж,

Гашуудагсдыг аюулгүй байдалд өргөх ажээ.

12Тэрээр башир хүмүүсийн хуйвалдааныг тасалснаар

Тэдний гар амжилт олж эс чадна.

13Тэрээр цэцдийг баширлал дээр нь барьж авдаг

Зальтнуудын зөвлөгөө даруй хүчингүй болдог.

14Өдрөөр тэд харанхуйтай учирч,

Үд дунд ч шөнө мэт тэмтэчдэг.

15Тэрээр харин ядуусыг тэдний амны сэлэм

Хүчтэний савраас авардаг.

16Иймд ядууст найдвар байгаа бөгөөд

Шударга бус явдал амаа хамхидаг.

17Үзэгтүн, Бурханаар сургамжлагддаг хүн

Юутай жаргалтай вэ,

Тиймээс Төгс Хүчит Нэгэний гэсгээлтийг бүү жигш.

18Тэрээр шархлуулдаг ч боож өгдөг.

Тэрээр цохидог ч Түүний мутар эдгээдэг.

19Зургаан гайгаас Тэр чамайг аварч,

Долоон хорлол чамд үл хүрнэ.

20Өлсгөлөнгийн үед үхлээс,

Дайны үед илдний хүчнээс

Тэр чамайг золино.

21Чи хэлний ташуураас халхлагдаж,

Сүйрэл ирэхэд эс айна.

22Сүйрэл ба өлсгөлөн болоход чи инээж,

Хээрийн араатнуудаас ч эс айна.

23Учир нь чи талын чулуунуудтай холбоотон болж,

Хээрийн араатнууд ч чамтай эвтэй байх болно.

24Сууцаа нягтлахад чинь алдагдсан зүйл үгүй тул

Майхан чинь аюулгүй болохыг чи мэднэ.

25Үр удмууд чинь олширч,

Үр хүүхэд чинь газар дэлхийн өвс мэт болохыг

Чи бас мэдэх болно.

26Цагт нь хурааж юүжлээд үтрэмд аваачсан тариа мэт

Сайхан өндөр наслаад булшиндаа чи орно.

27Үзэгтүн, энэ үнэн, бид шалгасан билээ.

Сонсогтун, өөрөө ухагтун гэв.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help