Соломоны дуун 5 - Ариун Библи 2013(AB2013)

1Миний бие цэцэрлэгтээ ирэв,

хонгор дүүдэй, сүйт бүсгүй минь

Миррийг би

үнэртэнтэйгээ цуглуулав,

Балаа би

сархинагтай нь идэв

Бас дарсаа сүүтэй нь уув.

Идэцгээ, нөхөд минь, ууцгаа

Ингээд дурлалд мансуурцгаа.

Өөр нэгэн зүүд

2Зүүрмэглэв би,

зүрх минь харин

сэрүүн байв.

Сонсооч!

Хайрт минь

хаалга тогшлоо.

—Хонгор дүүдэй,

сүйт бүсгүй минь хаалгаа тайл,

Тагтаахан минь,

өөгүйхэн ганц минь!

Шүүдрийн дусалд

толгой минь

Шөнийн чийгэнд

үс минь норжээ.

3—Дан дээлээ тайлчихсан би

дахиж яаж өмсөх юм?

Хөлөө би угаачихсан,

хир яаж болгох юм?

4Хатавчны зайгаар

хайрт минь гараа зангалаа

Харин миний сэтгэл дотор

түүнийг хүсээд цангалаа

5Амрагтаа нээж өгөхөөр өндийв

Алга гар минь миррээр дуслав.

Миний хуруунууд

түгжээний бариулыг

Миррэн шингэнээр

норгон байв.

6Хайртдаа би

онгойлгоод өглөө

Харин янаг минь

эргээд явчихсан байлаа.

Түүнийг ярихад нь

амин гол минь

түүн тийш тэмүүлж асан

Түүнийгээ би хайлаа,

гэвч олсонгүй

Түүнийгээ би дуудлаа,

хариу тэр хэлсэнгүй.

7Хот эргэх харуулууд

намайг олов

Тэд намайг зодож

шарх болгов.

Хэрмийн тэр харуулууд

Хэвнэг юуг минь хуу татав.

8Иерусалимын охид оо,

Ийнхүү та нарыг гуйя, би.

Хайртыг минь хэрэв олбол

Хайрандаа шаналж байгааг минь хэлээрэй.

Сүйт бүсгүй ба нөхдийн дуун

9—Бусад янагаас хайртын чинь

Бузгай сайхан нь

юу юм бэ?

Бүсгүйчүүлийн дундаас

бүр сайхан минь ээ!

Биднийг ингэж

гуйгаад байхаар

Бусад янагаас

хайртын чинь

Бузгай сайхан нь

юу юм бэ?

10Учралт хайрт минь

улаа бутраад гялбам

Түмэн эрийн дунд

түрүү манлай болом.

11Тэргүүн нь гэвэл

шижир алтан

Туг үс нь бужгархан

хэрээн адил хархан

12Хоёр нүд нь гэвээс

сүүнд угаасан хос тагтаа

цөөрөмд тольдон суух лугаа

13Хацар юуг нь хэлбэл

Үнэрт цэцэгсийн мандал

анхил үнэртний цогцлол

Уруул ам нь гэвэл

урсгаж миррийг нэрэх

сараана лугаа дүйцэх

14Мутар юуг нь жишиж үзвэл

молор шигтгэмэл алтан хуйлмал

Бие нь, индранилаар хөвөөлсөн

зааны ясан сийлбэр

15Хөл шилбэ нь болохоор

алтан суурьтай гөлтгөнө тулгуур

Дүр байдал нь Ливан адил

Түүний алдарт

хушийн ижил

16Хэл яриа нь

хэтэрхий амтлаг

Хамаг бие нь

хайрыг булаам

Энхрий хайрт найз минь ийм дээ

Иерусалимын охид минь дээ.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help