Иов 29 - Ариун Библи 2013(AB2013)

Иов өмгөөлөлөө дуусгав

1Иов яриагаа үргэлжлүүлэн хэлэхдээ:

2—Ай даа, өнгөрөн одсон сарууд минь байсан ч болоосой

Үнэндээ Бурханаар хамгаалуулсан тэр л өдрүүдийнх шигээ байсан ч болоосой.

3Дэнлүү нь толгой дээр минь гийж байхад

Тэр гэрлээр нь би түнэр харанхуй дундуур явдаг байж дээ,

4Майхан дээр минь Бурханы андлал оршсон тэр үед

Би оргил үедээ байж дээ.

5Төгс Хүчит Нэгэн нь надтай хамт байсан тэр үед

Төрсөн хүүхдүүдээрээ би хүрээлүүлж байлаа

6Алхам минь цөцгийгөөр булхагдаж,

Хад чулуу надад тос цутгадаг байлаа.

7Хотын гулдан хаалга уруу гарч очих тэр үед

Хуран цугладаг талбай дээр суудлаа эзлэх тэр цагт

8Өсвөр залуус намайг хараад нуугддаг байлаа.

Өвгөд нь хүртэл миний өмнө босоод зогсдог байлаа.

9Ноёд алгаараа амаа тагласан мэт

үг яриагаа зогсоодог,

10Дээдсүүд хэлээ тагнайндаа наалдуулсан мэт

дуугаа хураадаг байлаа.

11Чих бүр намайг сонсоод ерөөн ярьдаг байсан

Нүд бүр намайг хараад магтан гэрчилдэг байсан.

12Тэр үед, гуйн хашхирсан ядуусыг,

Туслах хүнгүй өнчдийг

Би авардаг байлаа.

13Тэгээд мөхлийн ирмэгт байгсдын ерөөл

Надад ирдэг байж дээ.

Бэлэвсэн эмэгтэйчүүдийн зүрхийг баярлуулан

Би дуулуулдаг байсан.

14Шударга зөвийг сахин

Түүнийгээ хувцас мэт өмсөж,

Шүүлт нь миний гадуур хувцас, малгай болж байсан.

15Хараагүй нэгэнд нь нүд

Хазгар доголонд нь хөл

16Үгээгүйчүүлд эцэг нь болж байв, би.

Харийн хүний төлөө хэргийг нь нягталдаг байлаа.

17Үл бүтэх нэгний эрүү амыг хэмхэлж,

Үмхэж зуусан олзыг нь хураан авч байлаа, би.

18Тэр үед би “Үүрэндээ би үхнэ,

Өдрүүдээ би элс мэт олшруулна.

19Уг үндэс нь минь усанд салбарлаж

Шүүдэр шөнөжин бөнжигнөсөн мөчрүүд болно.

20Алдар хүнд минь үргэлжид шинэчлэгдэн нэмэгдэж

Атган дахь нум минь өдөр бүр хүчирхэгжинэ” гэж боддог байж дээ.

21Тэр үед намайг сонсоод тэд хүлээцгээдэг байлаа

Тус зөвлөгөөг минь чимээгүй авдаг байлаа.

22Үгсийн минь араас тэд ахин хэлэлцдэггүй,

Үг яриа минь тэдэнд шүүдэр мэт дусалж байж дээ.

23Хур бороо хүсэх мэт

намайг тэд хүлээдэг байсан,

хаврын бороо тосох мэт над уруу амаа ангайлгадаг байлаа.

24Итгэлээ алдсан үед нь би инээмсэглэдэг байлаа.

Царайны минь гэрэлд тэд урамшдаг байлаа.

25Тэдэнд замыг нь заан сонгож,

Тэргүүнд нь залардаг байхдаа би

Дайчдынхаа дунд заларсан хаан мэт

Гашуудагсдыг тайтгаруулагч нэгэн мэт байж дээ.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help