Исаиа 63 - Ариун Библи 2013(AB2013)

Едомын тухай хонзогнол

1Бозрагаас, хурц улаан өнгийн хувцастайгаар

Едомоос ирэгч нь хэн бэ?

Сүр жавхлантайгаар хувцасласан,

Хүч ихтэйгээр урагш тэмүүлэгч нь хэн бэ?

“Зөвийг өгүүлэгч, аврах хүчтэй Би байна.”

2Дээл тань яагаад улаан,

Хувцас тань яагаад усан үзмийн шахуурга гишгэгч мэт байна вэ?

3“Би ганцаараа усан үзмийн шахуургыг гишгэхэд

Ард түмнүүдээс Надтай хамт хэн ч байгаагүй.

Уурандаа Би тэднийг гишгэлж,

Хилэгнэсэндээ тэднийг дэвсэлжээ.

Шүүс нь дээл уруу минь үсэрч,

Би бүх хувцсаа бузарлачихлаа

4Учир нь өшөө авалтын өдөр

Зүрхэнд минь бөгөөд

Миний золилтын жил иржээ.

5Намайг харахад туслах хүн нэг ч байсангүй.

Намайг дэмжих хэн ч байхгүйд нь

Би гайхав.

Тиймээс Өөрийн мутар Надад авралыг авчран

Уур хилэн минь Намайг дэмжив.

6Би уурандаа ард түмнүүдийг гишгэлж,

Хилэгнэсэндээ тэднийг согтоон,

Шүүсийг нь газарт асгасан юм.”

Бурханы өршөөлийг санах нь

7ЭЗЭНий бидэнд соёрхсон бүхэн хийгээд

Израилийн гэрийн төлөөх агуу их ивээлийнх нь дагуу

ЭЗЭНий энэрэл хайрыг,

Түүний магтаалыг би дурдана.

Эдгээрийг Тэр өршөөлийнхөө дагуу,

Үлэмж их энэрэл хайрынхаа ёсоор

тэдэнд соёрхсон билээ.

8“Үнэхээр тэд ард түмэн минь бөгөөд

Худал ярихгүй хөвгүүд юм” гэж Тэр айлдан

Аврагч нь болов.

9Бүх л зовлон шаналанд нь

Тэр шаналсан бөгөөд

Түүний оршихуйн тэнгэрэлч тэднийг аварчээ.

Хайр, өршөөл дотроо

Тэр тэднийг золив.

Эртний бүхий л өдрүүдэд

Тэр тэднийг өргөж явсан билээ.

10Харин тэд тэрслэн

Ариун Сүнсийг нь гомдоов.

Тиймээс Тэр эргэж дайсан нь болоод,

Тэдний эсрэг дайтсан.

11Тэгэхэд ард түмэн нь

Мосегийн үеийн, эртний өдрүүдийг дурсан санасан.

Сүргийнхээ хоньчинтой нь хамт тэднийг

Тэнгисээс гаргасан Тэр хаана байна вэ?

Дунд нь Ариун Сүнсээ оруулсан

Тэр хаана байна вэ?

12Хэн цог жавхлант мутраараа

Мосегийн баруун гарыг хөтлөн явуулж,

Өөртөө мөнх нэрийг бий болгохын тулд

Өмнө нь усыг хувааж,

13Тал нутгаар морьдыг мэт

Тэднийг бүдрүүлэхгүйгээр гүн усан дундуур хэн удирдав?

14Үхэр сүрэг хөндий уруу буух шиг

ЭЗЭНий Сүнс тэднийг амраав.

Өөртөө цог жавхлант нэрийг бий болгохоор

Ард түмнээ Та ийнхүү удирджээ.

Гэмшлийн залбирал

15Тэнгэрээс доош харж,

Ариун, цог жавхлант газраасаа үзээч.

Таны зүтгэл, Таны хүчит үйлс хаана байна вэ?

Надад хандсан Таны дотоод дуу

Өрөвч сэтгэл тань надаас холджээ.

16Абрахам биднийг үл мэдэн,

Израиль биднийг танихгүй байвч

Та Эцэг маань билээ.

Аяа ЭЗЭН, Та Эцэг маань билээ.

Эртнээс Таны нэр бол Аврагч.

17Өө ЭЗЭН,

Юунд Та биднийг замаасаа төөрүүлэн

Танаас эмээхгүй болгон

Зүрхийг минь хатууруулаа вэ?

Өвийнхөө овгууд,

Өөрийнхөө боолуудын төлөө эргээч.

18Ариун ард түмэн тань

Таны ариун газрыг богино хугацаанд эзэмшжээ.

Дайснууд маань ариун газрыг нураан гишгэлжээ.

19Бидний хувьд, Танд хэзээ ч захирагдаж байгаагүй,

Таны нэрээр нэрлэгдэж байгаагүй хүмүүстэй адил боллоо.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help