Иов 20 - Ариун Библи 2013(AB2013)

Зофарын үг: Нүгэл шийтгэл хүлээдэг

1Дараа нь наамат хүн Зофар хариулан

2—Доторх түгшүүрээсээ болоод

Бодлууд минь намайг хариулахыг шаардаж байна.

3Намайг доромжилсон зэмлэлийг би сонслоо,

Харин ухаарал ойлголтын минь сүнс надад хариулдаг.

4Дэлхий дээр хүн тавигдсан аль эртнээс

Үүнийг чи мэдээгүй юу?

5Гэм буруутнуудын баяр хөөр зуурдынх

Сүсэг бишрэлгүйчүүдийн баясгалан хормынх гэдгийг?

6Хэдийгээр түүний ихэмсэг байдал тэнгэрт тулж,

Толгой нь үүлсэд хүрдэг ч,

7Тэрээр баастайгаа адил үүрд мөхдөг юм.

Түүнийг харсан хүмүүс “Тэр хаана байна вэ?” хэмээн өгүүлнэ.

8Тэрээр зүүд мэт нисэн оддог бөгөөд

Шөнийн үзэгдэл мэтээр

тэрээр замхарч алга болно.

9Түүнийг харсан нүд түүнийг дахин хардаггүй бөгөөд

Орон байр нь ч түүнийг дахин үздэггүй.

10Хөвгүүд нь ядуусаас тааллыг хайж,

Өөрийнх нь гар эд баялгаа буцааж өгнө.

11Түүний яснууд залуу насных нь чадал тэнхээгээр дүүрэн байгаа боловч

Тэдгээр нь түүний хамт шороонд хэвтдэг буюу.

12Хэдийгээр бузар муу нь түүний аманд амттай байж,

Хэлэн дороо тэрээр түүнийг нууцлан

13түүнийг хүсэж, эс явуулах агаад

Амандаа түүнийг хадгалавч

14Тэр хоол нь ходоодон дотор нь хувирч,

Хорт могойн цөс болно, дотор нь.

15Тэрээр баялгийг залгивч

Бөөлжин гаргах болно.

Бурхан гэдэснээс нь үүнийг гаргана.

16Тэрээр хорт могойн хорыг сорж,

Хорт могойн хэл түүнийг ална.

17Зөгийн бал болон цөцгийгөөр цалгих урсгал, голыг тэрээр харахгүй.

18Тэрээр олж авснаа буцаадаг бөгөөд залгихгүй.

Олж авсан баялагтаа тэрээр баярлаж ч чадахгүй.

19Учир нь тэрээр ядуусыг умартан дарласан билээ.

Тэр өөрийн барьж босгоогүй гэрийг эзлэн авсан билээ.

20Тэрээр дотоод тайван байдлыг мэдэхгүй учраас

Хүссэн юугаа ч эс хадгалж үлдэнэ.

21Түүнд залгих юу ч үлддэггүй,

Тиймээс түүний тансаглал тогтворгүй.

22Элбэг хангалуундаа ч тэрээр давчдах болно.

Зовлонт хүн бүрийн гар түүний дээр бууна.

23Түүнийг гэдсээ дүүргэх үед

Бурхан дүрэлзсэн хилэнгээ түүнд илгээх бөгөөд

Идшин дээр нь энэ нь цутгана.

24Төмөр илднээс дайжиж чадсан түүнийг

Хүрэл зэвт сум цоо хатгана.

25Түүнийг сугалж нуруунаас нь гаргахад

Цөснөөс нь гялбаан мэт гараад

Айдас хүйдэс түүн дээр бууна.

26Бүрэн харанхуй түүний эрдэнэсийг нөмөрсөн бөгөөд

Унтаршгүй гал түүнийг залгина.

Тэр гал түүний майханд үлдэгсдийг залгина.

27Тэнгэр түүний хилэнцийг илчилж,

Газар дэлхий түүний эсрэг босох болно.

28Гэрийнх нь үр жимс зайлуулагдаж

Бурханы хилэнгийн өдөр урсаж одох болно.

29Энэ нь гэм буруутанд Бурханаас өгөх хувь болоод

Бурханаар түүнд тогтоогдсон өв залгамжлал мөн гэв.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help