Дуулал 145 - Ариун Библи 2013(AB2013)

Бурханы аугаа ба сайн сайханДавидын өргөсөн магтаал.

1Аяа Хаан болох Бурхан минь,

Таныг би өргөмжилж,

Нэрийг тань үүрд мөнхөд магтана.

2Өдөр бүр би Таныг магтаж,

Таны нэрээр үүрд мөнхөд сайрхана.

3ЭЗЭН аугаа бөгөөд

Машид ихээр магтууштай

Аугаа нь илрүүлшгүй.

4Нэг үеийнхэн нөгөөдөө

Таны үйлсийг магтаж,

Таны хүчирхэг үйлдлүүдийг тунхаглана.

5Таны сүр хүчний жавхлант алдар болон

Таны гайхамшигт үйлсийг би тунгаан бодно.

6Түүнчлэн сүрдмээр үйлсийн тань хүчийг ярина.

Мөн аугааг тань би тунхаглана.

7Таны элбэг сайн сайхны дурсгалыг тэд уудалж

Таны зөвт байдлыг хашхиран дуулна.

8ЭЗЭН нигүүлсэнгүй хийгээд өршөөнгүй,

Уурлахдаа удаан, хайр энэрлээр аугаа их юм.

9ЭЗЭН бүгдэд сайн.

Түүний өршөөлүүд бүтээл бүхнийх нь дээр байна.

10Аяа ЭЗЭН, Таны бүтээл бүхэн

Танд талархах бөгөөд

Бишрэлтнүүд тань Таныг магтацгаана.

11Тэд хаанчлалын тань жавхлангийн тухай ярьж,

Таны сүр хүчний талаар өгүүлэх нь

12Хүний хөвгүүдэд Таны хүчит үйлсийг болон

Хаанчлалын тань алдарт сүр жавхланг мэдүүлэхийн тулд болой.

13Хаанчлал тань мөнхийн хаанчлал бөгөөд

Ноёрхол тань үеийн үед байна.

14Унасан бүхнийг ЭЗЭН өндийлгөж,

Сөхөрсөн бүхнийг босгодог.

15Бүхний нүд Тан уруу чиглэн найддаг бөгөөд

Та товлосон цагт хүнсийг нь өгдөг билээ.

16Та мутраа дэлгэн

Бүх амьтны хүслийг хангадаг.

17ЭЗЭН бүх замдаа зөвт бөгөөд

Өөрийн бүх үйлсэд энэрэнгүй.

18ЭЗЭН Өөрийг нь дуудагч бүхэнд,

Өөрийг нь үнэнээр дуудагч бүхэнд ойр билээ.

19Тэрээр Өөрөөс нь эмээгчдийн хүслийг биелүүлдэг.

Тэдний хашхирахыг нь бас сонсдог,

тэднийг авардаг.

20ЭЗЭН Өөрийг нь хайрладаг бүгдийг сахидаг,

Харин бүх буруутыг Тэр устгана.

21Ам минь ЭЗЭНий магтаалыг өгүүлнэ.

Бүх махбод Түүний ариун нэрийг

Үүрд мөнхөд магтах болтугай.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help