Исаиа 62 - Ариун Библи 2013(AB2013)

Сионы аврал ба сэргэлт

1Зөвт байдал нь гэрэл гэгээ мэт,

Аврал нь шатаж буй бамбар мэт гарч ирэх хүртэл

Сионы төлөө Би дуугүй байхгүй,

Иерусалимын төлөө Би чимээгүй байхгүй.

2Үндэстнүүд зөвт байдлыг чинь,

Хамаг хаад алдрыг чинь үзнэ.

ЭЗЭНий амаар нэрлэсэн

Шинэ нэрээр чамайг дуудна.

3Чи ЭЗЭНий мутар дахь үзэсгэлэнт титэм,

Бурханыхаа мутар дахь

Хааны толгойн өмсгөл болно.

4Цаашид чамайг “Мартагдсан” гэж,

Газрыг чинь “Эзгүй зэлүүд” гэж хэлэхгүй.

Харин чамайг “Түүний доторх Миний баяр хөөр” гээд,

Газрыг чинь “Гэрлэсэн” гэж дуудах болно.

Учир нь ЭЗЭН чамайг таалж,

газар чинь гэрлэх болно.

5Залуу хүн онгон охинтой гэрлэдэг шиг

хөвгүүд чинь чамтай гэрлэнэ.

Сүйт залуу сүйт бүсгүйдээ баярладаг шиг

Бурхан чинь чамд баярлана.

6Иерусалим аа,

Би хэрмэн дээр чинь харуулуудыг тавив.

Тэд өдөр ч, шөнө ч дуугаа хураахгүй.

ЭЗЭНийг дурсагч нар аа, бүү амрагтун.

7Тэр босгон байгуулж,

Иерусалимыг газрын магтаал болгох хүртэл нь

Түүнд бүү амралт өгөгтүн.

8ЭЗЭН баруун мутраараа,

Хүчит гараараа тангараглав.

“Би үр тариаг чинь дахин

Дайснуудад чинь хоол болгон өгөхгүй.

Мөн чиний хөдөлмөрөөр бий болсон шинэ дарсыг

гаднынхан уухгүй.

9Харин хураагчид нь түүнийг идэж,

ЭЗЭНийг магтана.

Цуглуулагчид нь түүнийг ариун газрын минь

Хашаан дотор ууна.”

10Үүд хаалгаар гарцгаа гарцгаа.

Ард түмний замыг бэлдэцгээ.

Замыг тэгшил, тэгшилцгээ.

Чулууг нь зайлуулагтун.

Ард түмний төлөө туг босгогтун.

11Үзэгтүн, ЭЗЭН дэлхийн хязгаар хүртэл тунхаглан

“Хөөе. Аврал чинь ирж байна.

Үзэгтүн, шагнал нь Түүнтэй хамт бөгөөд

Сайшаал нь Түүний өмнө байна” гэж

Сион охинд дуулга хэмээсэн.

12Тэд “ЭЗЭНий аварсан ариун ард түмэн” гэж нэрлэгдэх болно.

Чи “Хаягдаагүй, Олдсон хот” гэж нэрлэгдэнэ.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help