Дуулал 59 - Ариун Библи 2013(AB2013)

Дайснаас чөлөөлөгдөхийн төлөө залбиралУдирдаачид: Бүү устгаач аялгуунд. Саул өөрийг нь алахаар гэрийг нь тандаж байх үеийн Давидын миктам.

1Бурхан минь ээ, намайг

Дайснуудаас минь чөлөөлөөч

Миний эсрэг босогчдоос

Намайг холдуулаач.

2Ёс бусыг үйлдэгчдээс

Намайг чөлөөлөөч

Цус урсгадаг хүмүүсээс

Намайг авраач.

3Гэмт үйлдлийн минь ч,

Нүглийн минь ч учир бус атал

Харагтун, ЭЗЭН!

Тэд амийг минь отож байна.

Хүчит хүмүүс

Миний эсрэг цугларч байна,

4Хилэнц байхгүй атал

Тэд гүйн ирж, байрлалаа эзэлж байна.

Надтай уулзахаар босож, хараач.

5Түг түмдийн Бурхан ЭЗЭН,

Израилийн Бурхан,

Та бүх үндэстнийг шийтгэхээр босооч.

Ёс бусыг тэрслэн үйлдэгчдийг

Бүү өршөөгөөч. Села

6Тэд үдшээр эргэж ирээд,

Нохой мэт гийнаж,

Хотыг тойрон явна.

7Үзтүгэй, тэд амаараа хэхэрнэ.

Урууланд нь илд байна.

“Хэн сонсох юм бэ?” гэж хэлэвч

8ЭЗЭН, Та тэднийг шоолж инээнэ.

Та бүх үндэстнийг тохуурхана.

9Хүч чадал минь ээ,

Таныг би харах болно,

Учир нь Бурхан миний бат цайз.

10Бурхан минь энэрэл хайраараа

Намайг угтан авна.

Бурхан минь намайг

Дайснуудыгаа харахыг зөвшөөрнө.

11Тэднийг бүү алаач,

Эс тэгвээс хүмүүс минь мартана.

Бидний бамбай Эзэн,

Хүч чадлаараа тэднийг тарааж,

Дорд болгооч.

12Амны нь нүгэл болбоос

Уруулынх нь үгс юм.

Өөрсдийн хэлдэг хараал, худлын төлөө

Тэд бардамнал дотроо баригддаг.

13Уур хилэнгээр сөнөөгөөч,

Тэднийг үгүй болтол нь сөнөөгөөч

Иаковыг Бурхан захирдаг гэдгийг

Дэлхийн хязгаарт хүртэл мэдэх болно. Села

14Тэд үдшээр эргэж ирээд,

Нохой мэт гийнаж,

Хотыг тойрон явна.

15Идэх юм эрэн тэнүүчилж,

Цадаагүй бол шөнөжин архирдаг.

16Харин би хүч чадлыг тань дуулна.

Өглөөгүүр хайр энэрлийг тань

Баяр хөөртэйгөөр дуулна.

Учир нь Та зовлон шаналлын минь өдөр

Миний бат цайз,

Хоргодох газар минь байсаар ирсэн.

17Хүч чадал минь ээ,

Би Таныг магтан дуулна.

Учир нь Бурхан, миний бат цайз

Надад энэрэл хайраа үзүүлдэг Бурхан.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help