Иов 39 - Ариун Библи 2013(AB2013)

1Янгир төрөх цагийг чи мэддэг үү?

Буга тугаллахыг чи үзсэн үү?

2Хээлээ тээх цагийг нь чи тоолж чадах уу?

Эсвэл төрөх хугацааг нь чи мэдэх үү?

3Тэд доош сөхрөн байж,

үр төлөө гаргаж,

төрөлтийн бэрхээс салнам.

4Үр төл нь эрүүл чийрэг өсөж,

хээр талд торнидог.

Тэгээд оддог бөгөөд буцаж ирдэггүй.

5Хэн хуланг сул чөлөөтэй явуулдаг вэ?

Хэн хулангийн чөдрийг тайлдаг вэ?

6Хээр талыг Би түүнд гэрийг нь болгож,

Хужиртай газрыг орших нутгийг нь болгосон билээ.

7Хотын шуугианыг тэр жигшдэг.

Харгалзан туугчийн орилоон дууг ч сонсдоггүй.

8Тэрээр бэлчээр хайн уулсыг шинждэг.

Ногоон ургамал бүрийг эрдэг.

9Зэрлэг үхэр чамд үйлчлэхийг хүсэх үү?

Эсвэл тэвшний чинь хажууд хоноглох уу?

10Чи зэрлэг үхрийг шан татуулахаар олсоор хүлж чадах уу?

Тэр нь араас чинь дагаад хөндий газрыг хагалах уу?

11Хүч нь агуу учир чи түүнд найдах уу?

Хүч хөдөлмөрөө түүнд даатган үлдээх үү?

12Тэр буудайн үрийг чинь эргүүлэн авчирч

Үтрэмд чинь хураана гэдэгт чи итгэх үү?

13Тэмээн хяруул далавчаа түргэн дэвдэг,

Гэвч өрөвтасын жигүүртэй зүйрлэхийн аргагүй.

14Өндгөө газарт тэр орхидог.

Өнөөдүүлийг нь хөрс шороо л дулаацуулдаг.

15Харин тэдгээрийг нь хөл няцалж,

зэрлэг араатнууд бяцлаад гарч болзошгүйг тэр мартдаг.

16Үр зулзгандаа тэр өөрийнх нь биш мэт харгис ханддаг.

Хүч хөдөлмөр нь хэрэггүй болох хэдий ч

тэр ердөө зовдоггүй.

17Учир нь Бурхан түүнийг мэргэн ухаанаар дутааж,

Ойлголтын хувийг түүнд өгөөгүй билээ.

18Өөрийгөө өндийлгөн цовхчих үед

Хүлэг болоод морьтонг нь тэр жигшиж инээдэг.

19Хүлэг моринд чи чадлыг өгдөг үү?

Хүзүүг нь чи дэлээр халхалдаг уу?

20Түүнийг чи царцаа адил харайлгадаг уу?

Түүний сүртэйгээр тургих нь аймшигтай билээ.

21Тэр нь эрчтэйгээр газар ухаж,

хүч чадалдаа эрдэж,

Хуяг зэвсэгтэй тулгарахаар явдаг.

22Айдас хүйдсийг жигшин инээдэг

зүрх шантардаггүй.

Тэрээр илднээс ч эргэж буцдаггүй.

23Дээр нь сумны саадаг шажигнаж,

жад ба хануур жад гялалзана.

24Чичирч, салганан газар дээгүүр давхиж,

бүрээн дуунд ч зогсохгүй агсамнадаг.

25Бүрээн дуунаар

“Иин хо хо” цангинуулдаг.

Тулааныг, жанжингуудын нүргэлэх дууг,

дайны уухайг алсаас үнэртдэг билээ.

26Өмнө зүг уруу жигүүрээ дэлгэн шонхор

чиний ухаанаар элин хальдаг уу?

27Өндөрт халин бүргэд чиний тушаалаар нисэж,

Өндөр оргилд үүрээ засдаг уу?

28Тэр нь хавцалд амьдарч,

чулуун цохио, бэхлэлт газарт амарч хоноглодог.

29Тэндээсээ тэр олзоо хайдаг.

Түүний нүд алс холоос хардаг.

30Үр зулзаганууд нь цус хөхдөг.

Үхдэлүүд хаана байна,

тэр тэнд байдаг бөлгөө гэж айлдав.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help