Дуулал 78 - Ариун Библи 2013(AB2013)

Бурханы сэтгэл ба Израилийн умарталАсафын маскил.

1Хүмүүс минь ээ, хуулийг минь сонс.

Амны минь үгэнд чих тавигтун.

2Сургаалт зүйрлэлээр амаа нээнэ,

Эртний таавар үгсийг би хэлнэ.

3Тэдгээрийг бид сонссон, мэдсэн бөгөөд

Эцэг өвгөд маань ч бидэнд хэлж өгсөн.

4Тэдгээрийг хүүхдүүдээс нь бид нуухгүй.

Харин ирэх үеийнхэнд ЭЗЭНий магтаалыг,

Түүний хүч чадал

Үйлдсэн гайхамшигт ажлуудыг нь тунхаглан ярина.

5Учир нь Тэрээр Иаковын дотор гэрчлэлийг тавьж,

Израилийн дотор хуулийг тогтоосон.

Тэдгээрийг үр хүүхдүүддээ мэдүүлэхийг

Эцэг өвгөдөд маань Тэр тушаасан.

6Энэ нь ирэх үеийнхэн,

Хойшид төрөх хүүхдүүд мэдээсэй гэсэндээ

Мөн босож, өөрсдийн хүүхдүүдэд

Тунхаглан ярихын тулд буюу.

7Энэ нь тэд Бурханд итгэлээ өгч,

Бурханы ажлуудыг үл мартаж,

Харин тушаалуудыг нь сахихын тулд юм.

8Түүнчлэн эцэг өвгөд шигээ

Зөрүүд, тэрслүү үеийнхэн буюу

Зүрхээ шулуутгаагүй,

Сүнс нь Бурханд үнэнч байгаагүй үеийнхэн

болохгүйн тулд юм.

9Нум сумаар зэвсэглэсэн харваачид,

Ефраимын хөвгүүд тулалдааны өдөр ухарсан.

10Бурханы гэрээг тэд сахин биелүүлээгүй,

Хуулиар нь алхахаас ч татгалзсан.

11Түүний үйлсийг болоод

Өөрсдөд нь үзүүлсэн гайхамшгуудыг тэд мартсан.

12Тэрээр Египет нутагт,

Зоаны хээр талд

Эцэг өвгөдийнх нь өмнө

Гайхамшгуудыг үйлдсэн билээ.

13Далайг хувааж, тэднийг дундуур нь гатлуулж,

Их усыг ч овоо мэт Тэр зогсоосон.

14Тэднийг өдөр үүлээр,

Шөнөжин галын гэрлээр

Тэр удирдсан.

15Цөлд хад чулуунуудыг Тэр хагалан

Оёоргүй гүнийх мэт арвин их усыг тэдэнд уулгасан.

16Бас хаднаас урсгал ус гаргаж,

Усыг гол мөрөн шиг урсгасан.

17Гэсэн ч тэд Түүний эсрэг

Ахин дахин нүгэл үйлдэж,

Цөлд Хамгийн Дээд Нэгэний эсрэг тэрсэлсэн.

18Өөрсдөдөө хоол хүнсийг гуйснаар

Зүрхэндээ Бурханыг тэд сорьсон.

19Тэд Бурханы эсрэг ярьж, хэлэхдээ

“Бурхан цөлд ширээ засаж чадах уу?

20Харагтун, Тэрээр ус урстал хадыг цохиж,

Голыг цутгасан хэдий ч

Талх өгч бас чадах болов уу?

Тэрээр ард түмэндээ мах бэлтгэж өгнө гэж үү?” хэмээсэн.

21Тиймээс ЭЗЭН сонсож, хилэгнэсэн.

Иаковын эсрэг галыг ноцоож,

Израилийн эсрэг уурыг нэмэгдүүлсэн.

22Учир нь тэд Бурханд үл итгэсэн,

Авралд нь ч эс найдсан.

23Гэлээ ч дээр буй үүлсэд Тэр тушаан

Тэнгэрийн хаалгуудыг ч онгойлгосон.

24Тэдэнд идүүлэх маннагаар

Дээрээс нь бороо оруулан

Тэр тэдэнд тэнгэрийн тариаг өгсөн.

25Тэнгэрэлч нарын талхыг хүн идсэн.

Тэдэнд хүнсийг Тэрээр бялхам ихээр илгээсэн.

26Тэнгэрт дорнын салхийг үлээлгэж,

Хүч чадлаараа өмнөдийн салхийг ч Тэрээр тууж авчирсан.

27Тэдэн дээр махыг тоос шороо мэт,

Шувуудыг далайн элс мэт Тэр буулгасан.

28Хуарангийнх нь дунд,

Суудаг газрынх нь эргэн тойронд унагаасан.

29Тэр тэдэнд шунан хүссэнийг нь өгсөн тул

Ийнхүү тэд идэж, сайн цадацгаасан.

30Харин шунал хүсэл нь эс хангагдсан.

Хоол нь тэдний аманд байх зуур л

31Бурханы уур хилэн тэдний дээр ирж,

Тэднээс хамгийн тарганыг нь алсан бөгөөд

Израилийн шилдэг эрчүүдийг цохиж унагасан.

32Ийм боловч тэд нүгэл үйлдсээр,

Гайхамшгуудад нь эс итгэсэн.

33Тиймээс Тэрээр өдөр хоногуудыг нь утгагүй хоосноор,

Он жилүүдийг нь гэнэтийн аймшгаар дуусгасан.

34Өөрсдийг нь алах цагт тэд Түүнийг хайж,

Түүнийг дахин чин сэтгэлээс хайсан.

35Бурхан тэдний хад байсныг,

Хамгийн Дээд Бурхан тэдний Аврагч байсныг

Тэд санадаг байсан.

36Харин тэд амаараа Түүнд бялдуучилж,

Хэлээрээ Түүнд худал ярьсан.

37Учир нь тэдний зүрх Түүнд шударга бус,

Түүний гэрээнд тэд үнэнч бус байсан.

38Харин Тэр өршөөнгүй байж

Хилэнц нүглийг уучилж, эс устгасан.

Уураа олонтаа эргүүлэн авч,

Бүхий л хилэнгээ Тэр эс хөдөлгөсөн.

39Учир нь тэд махбод төдий,

Нэг өнгөрөөд эргэн ирдэггүй салхи болохыг нь

Тэрээр санасан билээ.

40Цөлд Түүнтэй тэд хичнээн их тэрсэлж,

Зэлүүд талд Түүнийг хичнээн их гашуудуулсан бэ!

41Дахин дахин Бурханыг сорьж,

Израилийн Ариун Нэгэнийг тэд өвтгөсөн.

42Түүний мутрыг,

Өөрсдийг нь өстнөөс аварсан өдрийг нь ч тэд санаагүй.

43Тэр тэмдгүүдээ Египетэд,

Гайхамшгуудаа Зоаны хээр талд хэрхэн харуулж,

44Тэдний гол мөрнүүдийг,

Усны урсгалуудыг

хэрхэн цус болгон хувиргаж,

Тэднийг ууж чадахгүй болгосныг ч эс санасан.

45Тэднийг залгисан бөөн ялааг

Мөн тэднийг устгасан мэлхийнүүдийг

Тэрээр дунд нь илгээсэн.

46Бас үр тариаг нь төөлүүр хорхойд,

Хүч хөдөлмөрийг нь царцаанд Тэр өгсөн.

47Усан үзмийн моддыг нь мөндөрт,

Ялам моддыг нь хяруунд Тэр цохиулсан.

48Бас мал сүргийг нь мөндөрт,

Хонин сүргийг нь аянганд Тэр ниргүүлсэн,

49Гай зовлонгийн тэнгэрэлч нар дээр

Шатаж буй уур, хилэн, зэвүүцэл

Зовлон шаналанг Тэр илгээсэн,

50Тэрээр хилэнгийнхээ замыг тэгшилсэн.

Сэтгэлийг нь үхлээс хэлтрүүлээгүй,

Амийг нь Тэрээр гай гамшигт тушаасан.

51Египетийн бүх ууганыг,

Хамын майхан дахь чадлынх нь охийг цохисон.

52Харин Өөрийн ард түмнийг

Хонь шиг хөтлөн гаргаж,

Хонин сүрэг мэт цөлд удирдсан.

53Тэднийг айхгүй байхаар, аюулгүйгээр Тэр удирдсан.

Харин дайснууд нь далайн усанд автсан.

54Ингээд Тэр тэднийг ариун нутаг дэвсгэртээ,

Баруун мутрынхаа арилжин авсан

Энэ ууланд авчирсан.

55Бас үндэстнүүдийг өмнөөс нь хөөн зайлуулж,

Тэдэнд газрыг шавгаар хуваарилан

Израилийн овгуудыг Тэрээр

Өөр өөрсдийнх нь майхнуудад суулгасан.

56Гэвч тэд Хамгийн Дээд Бурханыг сорин

Түүнтэй тэрсэлж,

Гэрчлэлүүдийг нь эс сахисан.

57Харин урваж эцэг өвгөд шигээ мэхэлсэн.

Онигүй нум шиг тэд хазгай туссан.

58Учир нь тэд мөргөлийн өндөрлөгүүдээрээ

Түүнийг уурлуулж,

Сийлмэл хөргүүдээрээ хардалтыг нь хөдөлгөсөн.

59Бурхан сонсоод, уур хилэнгээр дүүрч,

Израилийг ихэд жигшсэн.

60Ингээд Тэр Шило дахь асрыг,

Хүмүүсийн дунд босгосон майхныг орхиж,

61Хүч чадалаа олзлолд,

Сүр жавхлангаа өстний гарт өгсөн.

62Тэрээр ард түмнээ илдэнд тушааж,

Өөрийн өвд уурлан хилэгнэсэн.

63Залуусыг нь гал залгиж,

Онгон охидод нь хуримын дуу үгүй болсон.

64Тахилч нар нь илдэнд унаж,

Бэлэвсэн эмэгтэйчүүд нь эс гашуудсан.

65Дараа нь Эзэн нойрноос мэт,

Дарсанд согтууран агсганагч

дайчин мэт сэржээ.

66Өстнүүдээ араас нь цохиж,

Үүрдийн шившигт тэднийг Тэр оруулсан,

67Тэрээр Ефраимын овгийг сонголгүй

Иосефын майхныг хаясан.

68Харин Иуда овгийг,

Өөрийн хайрласан Сион уулыг сонгосон.

69Ариун газраа тэнгэр мэт,

Мөнхөд тогтоосон газар шиг

Тэр барьж босгосон.

70Бас зарц Давидыгаа сонгон

Хонины хашаанаас авсан, Тэр.

71Хургатай хоньдыг даган явахаас болиулан

Өөрийн ард түмэн Иаковыг,

Өөрийн өв Израилийг хариулуулахаар түүнийг Тэр авчирсан.

72Ингээд Давид тэднийг үнэнч сэтгэлээр хариулж,

Гарынхаа ураар удирдсан.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help