Исаиа 58 - Ариун Библи 2013(AB2013)

Үнэн мөргөл ба хуурамч мөргөл

1“Чангаар хашхирагтун. Бүү тогтоон барь.

Хоолойгоо бүрээ мэт өндөрсгөн

Ард түмэнд маань

гэмт үйлдлийг нь,

Иаковын гэрт

нүглийг нь мэдүүлэгтүн.

2Гэлээ ч зөвт байдал үйлддэг,

Бурханыхаа шүүлтийг

умартаагүй үндэстэн мэт

Тэд Намайг өдрөөс өдөрт эрж,

Замыг минь мэдэхийг хүсдэг.

Тэд зөвт шийдвэрийн төлөө Надаас гуйж,

Бурханы ойр байхыг хүсдэг.

3«Мацаг барихыг маань яагаад Та хараагүй юм бэ?

Бид номхон даруу болж байгааг

яагаад Та ажиглаагүй юм бэ?» гэдэг.

Үзэгтүн, мацаг барих өдрөө та нар таалал сонирхолдоо үйлчилж,

Хамаг ажилчдаа мөлждөг.

4Үзэгтүн, та нар хэрүүл маргаан хийж,

Гэмт нударгаараа цохихын тулд мацаг барьдаг.

Дуу хоолойгоо өндөрт сонсгохын тулд

Та нар өнөөдөр мацаг барихгүй байна.

5Миний сонгож авсан мацаг барилт энэ гэж үү?

Хүн өөрийгөө төлөв даруу болгох өдөр мөн үү?

Хүний толгойг зэгс мэт бөхийлгөн

Үнсэн дээр хэвтүүлж, таар нөмөргөнө гэсэн үг үү?

Үүнийг л та нар мацаг барилт

ЭЗЭНд тааламжит өдөр гэж дууддаг юм уу?

6Гэм буруугийн хүлгийг мултлан

Буулганы оосрыг тайлж,

Дарлагдагсдыг чөлөөлөөд

Аливаа буулгыг эвдэхийн тулд

Би энэ мацаг барилтыг сонгосон бус уу?

7Өлсгөлөн нэгэнтэй талхаа хуваан,

Хөөгдөж туугдсан ядуусыг гэртээ авчрах нь бус уу?

Нүцгэн нэгнийг хараад хувцаслаж,

Цусан төрлөөсөө нуугдахгүй байхын тулд бус уу?

8Тэгвэл гэрэл чинь үүрийн гэгээ шиг цацарч,

Эдгэрэлт чинь үтэр түргэн өсөж,

Зөвт байдал чинь чиний өмнө явах бөгөөд

ЭЗЭНий алдар чиний арын хамгаалалт болно.

9Тэгэхэд чамайг дуудахад ЭЗЭН хариулж,

Чамайг хашхирахад Тэр «Би энд байна» гэж айлдана.

Хэрэв та нар дундаасаа буулгыг зайлуулж,

Хуруугаараа чичлэхээ, цөвт муу яриагаа боливол,

10Өлсөгчдөд өөрийгөө өгч,

Зовогсдын сэтгэлийг цатгавал,

Гэрэл чинь харанхуйд мандаж,

Бүрхэг бүүдгэр чинь

үд дунд мэт байх болно.

11ЭЗЭН чамайг ямагт удирдан

Ган гачигийн үед сэтгэлийг чинь хангалуун болгож,

Ясыг чинь тэнхрүүлнэ.

Чи усалсан цэцэрлэг мэт,

Ширгэшгүй устай урсгал мэт байх болно.

12Танайхнаас эрт цагийн балгасуудыг дахин сэргээж

Олон үеийн сууриудыг босгоно.

Чамайг «Цөмөрхийг сэргээн босгогч,

Оршин суух гудамжийг засагч» гэж нэрлэнэ.

13Миний ариун өдөр таашаалаа үйлдэхээс татгалзан,

Амралтын өдрийн төлөө чи хөлөө татаж,

Амралтын өдрийг баясгалант,

ЭЗЭНий ариун, эрхэм хүндэт гэж нэрлэж,

Замаараа явалгүй,

Таашаалаа хайлгүй,

Үгсийг чалчилгүй,

Энэ өдрийг хүндэтгэвэл

14Чи ЭЗЭНий дотор баяр хөөрийг авах бөгөөд

Би чамайг дэлхийн өндөрлөгүүдээр аялуулан

Эцэг Иаковын чинь өв хөрөнгөөр чамайг тэжээнэ” гэж

ЭЗЭНий ам айлджээ.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help