СУРГААЛТ ҮГС 18 - Ариун Библи, 2004(MAB2004)

1Адайр хүн хувийн хүслээ эрж хайдаг ба

Хамаг саруул ухааны эсрэг тэрсэлнэ.

2Мунхаг хүн ухаанд баярладаггүй.

Харин бодол санаагаа харуулахыг л эрмэлздэг.

3Хар санаатан ирэхэд жигшүүр бас ирнэ.

Гутамшгийн хамт ичгүүр ирнэ.

4Хүмүүний амнаас гарах үгс гүний ус мэт бөгөөд

Мэргэн ухааны ундарга нь шоржигнон урсах горхи мэт буюу.

5Хар санаатай нэгэнд тал засах ба

Зөв нэгнийг түлхэхийн аль аль нь сайнгүй аж.

6Мунхгийн уруул нь эвдрэлцлийг авчирна.

Түүний ам нь цохилтыг урьдаг.

7Мунхгийн ам өөрийг нь сүйтгэнэ.

Түүний уруул сэтгэлийг нь урхидна.

8Ам хэлээ билүүдэгчийн үгс амтат идээ будаа мэт ба

Тэдгээр үгс ходоодны мухарт ч хүрнэ.

9Ажилдаа хичээл зүтгэл гаргадаггүй хүн

Үрэн таран хийгч нэгний ах дүү нь мөн.

10ЭЗЭНий нэр бат бөх цамхаг бөгөөд

Шударга зөв хүн тийшээ гүйгээд, тэнд аюулгүй байна.

11Баян хүний эд хөрөнгө нь түүнд бэхлэлт бүхий хот ба

Өөрийнх нь төсөөлдгөөр өндөр хана мэт ажээ.

12Сүйрлийн өмнө хүмүүний зүрх ихэмсэг байдаг бол

Хүндлэлийн өмнө даруу зан байдаг.

13Сонсохоосоо өмнө хариу хэлэх нь

Хүнд өөрт нь мунхаг хэрэг ба ичгүүр билээ.

14Хүмүүний сүнс өвчнийг ч тэсвэрлэдэг.

Харин цөхөрсөн сүнсийг хэн тэнхрүүлж чадах билээ?

15Хэрсүү хүний оюун бодол мэдлэгийг эзэмшдэг.

Мэргэн хүний чих мэдлэгийг эрж хайдаг.

16Бэлэг өгсөн хүний өмнө боломж нээгдэж,

Тэр нь түүнийг эрхэм нэгэнтэй учруулна.

17Өөр нэгэн ирж, түүнийг шалгаахаас нааш хэрэг явдлаа түрүүлж хэлсэн хүний л зөв шиг байдаг.

18Шавга хаях нь зөрчилдөөнийг эцэслэх бөгөөд

Эрх мэдэлтнүүдийн хоорондохыг шийддэг.

19Гомдсон ах дүүг буцаж эргүүлэх нь

Хүчирхэг хотыг эзлэн авахаас ч илүү хэцүү.

Хэрүүл маргаан нь шилтгээний түгжээтэй хаалга мэт ажээ.

20Амныхаа үр жимсээр хүмүүний ходоод дүүрэх бөгөөд

Тэрээр уруулаасаа гаргах бүтээгдэхүүнээр цадна.

21Амь ба үхэл нь хэл ярианы хүчинд байдаг.

Түүнд дуртай хүн эдгээрийн үр жимсийг хүртдэг.

22Эхнэрийг олдог хүн сайныг олж,

ЭЗЭНээс тааллыг хүлээн авдаг.

23Ядуу хүн өршөөл гуйдаг бол

Баян хүн таагүй хариулт өгдөг.

24Дэндүү олон найзтай хүн сүйрэлд өртдөг ч,

Ах дүүгээс чинь ч дотно байж чадах анд нөхөр бий шүү.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help