ДУУЛАЛ 34 - Ариун Библи, 2004(MAB2004)

Давид Абимелехийн өмнө галзуурсан дүр үзүүлж, хөөгдөөд явах үеийн дуулал.

1Би ЭЗЭНийг цаг үргэлж магтана.

Түүнийг магтах нь миний аманд үргэлж байх болно.

2Миний сэтгэл ЭЗЭНээр сайрхана.

Даруу хүн үүнийг сонсон баярлана.

3Надтай хамт ЭЗЭНийг дээдэлж,

Хамтдаа Түүний нэрийг өргөмжилцгөөе.

4Би ЭЗЭНийг хайсан бөгөөд Тэр надад хариулж,

Бүх айдсаас минь намайг аварсан.

5Тэд Түүнийг хараад гэрэлтэх болсон бөгөөд

Тэдний нүүр царай дахин ичгүүрт орохгүй.

6Энэ ядуу хүн хашхирахад ЭЗЭН түүнийг сонсож,

Бүх саад бэрхшээлээс нь түүнийг аварсан.

7ЭЗЭНий тэнгэр элч Түүнээс эмээгчдийн эргэн тойронд байж,

Тэднийг авардаг.

8ЭЗЭН сайн гэдгийг амсаж үз.

Түүний дотор хоргоддог хүн юутай ерөөлтэй вэ!

9Түүний ариун хүмүүс ээ, та нар ЭЗЭНээс эмээгтүн.

Түүнээс эмээгчдэд юу ч дутагддаггүй.

10Залуу арслан ч гачигдан өлсөж байдаг.

Харин ЭЗЭНийг хайгчид ямар ч сайн юмаар гачигдахгүй.

11Хүүхдүүд ээ, та нар ирж, намайг сонс.

Би та нарт ЭЗЭНээс эмээхийг зааж өгье.

12Амийг хүсэмжилдэг бөгөөд

Сайныг харахаар урт наслахыг хайрлагч хэн бэ?

13Өөрийн хэлийг хорон муугаас,

Өөрийн уруулыг худал хэлэхээс сахин хамгаал.

14Бузар муугаас салж, сайныг үйлд.

Амар тайвныг хайж, түүнийг мөрдөн мөшгө.

15ЭЗЭНий мэлмий зөв шударга хүн уруу чиглэсэн байдаг бөгөөд

Түүний сонор тэдний хашхирахыг чагнадаг.

16ЭЗЭНий нүүр царай бузрыг үйлдэгчдийн эсрэг байдаг нь

Тэдний тухай дурсгалыг ч дэлхийгээс арилгахын тулд юм.

17Тэднийг хашхирахад ЭЗЭН сонсож,

Бүх саад бэрхшээлээс нь тэднийг авардаг.

18ЭЗЭН эмтэрсэн зүрхтэй хүнд ойртон байдаг бөгөөд

Сүнсээрээ гэмшигчдийг авардаг.

19Зөв шударга хүний зовлон зүдгүүр их байдаг,

Харин ЭЗЭН түүнийг тэр бүгдээс нь авардаг.

20Тэр түүний бүх ясыг хамгаалдаг,

Тэднээс нэг нь ч хугараагүй юм.

21Бузар муу байдал хорон муу хүнийг ална.

Зөв шударга хүнийг үзэн ядагчид буруушаагдана.

22ЭЗЭН Өөрийн зарц нарын сэтгэлийг авардаг бөгөөд

Түүний дотор хоргоддог хэн нь ч буруушаагдахгүй.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help