ДУУЛАЛ 27 - Ариун Библи, 2004(MAB2004)

Давидын дуулал.

1ЭЗЭН бол миний гэрэл болон миний аврал юм.

Хэнээс би эмээх юм бэ?

ЭЗЭН бол миний амийн хамгаалалт юм.

Хэнээс би айх юм бэ?

2Миний өстөн ба дайснууд болох

Бузар мууг үйлдэгчид махан биеийг минь залгихаар над уруу ирэхдээ

Бүдэрч унацгаасан.

3Түмэн цэргүүд намайг бүслэвч

Миний зүрх айхгүй.

Миний эсрэг дайн гарсан ч,

Энэ бүгдийн дунд би итгэлтэй байх болно.

4Би эрэн хайх ёстой нэг л зүйлийг ЭЗЭНээс гуйсан.

Энэ нь ЭЗЭНий гоо сайхныг харж,

Түүний сүмд бясалгахын тулд

Би насан туршдаа ЭЗЭНий өргөөнд суухыг гуйсан.

5Учир нь зовлонгийн өдөр Тэр намайг Өөрийн асарт далдлах болно.

Өөрийн майхны нууц газарт Тэр намайг нуух болно.

Тэр намайг хадан дээр гаргана.

6Тэгээд миний толгой намайг тойрсон дайснуудын минь дээр өргөмжлөгдөж,

Би Түүний майханд баяр хөөртэйгөөр өргөлүүдээ өргөнө.

Би дуулна.

Тийм ээ, би ЭЗЭНд магтаалуудыг дуулна.

7ЭЗЭН, намайг дуу хоолойгоороо хашхирахад сонсож,

Намайг нигүүлсэж, надад хариулаач.

8Та “Миний царайг эрэн хайгтун” гэхэд Миний зүрх Танд

“ЭЗЭН, Таны царайг би эрж хайх ёстой” гэж хэлжээ.

9Өөрийнхөө нүүрийг надаас бүү нуугаач.

Өөрийн зарцыг уурласандаа бүү орхиоч.

Та миний тусламж байсаар ирсэн.

Миний авралын Бурхан,

Намайг бүү хаяж, бүү орхиоч.

10Миний эцэг, эх намайг орхисон,

Харин ЭЗЭН намайг босгоно.

11ЭЗЭН, Өөрийн замыг надад зааж,

Дайснуудын минь учир намайг шулуун жимээр удирдаач.

12Хүчирхийллийн амьсгал гаргагчид болон

Худал гэрчлэгчид миний эсрэг боссон тул

Намайг өстөнгүүдийн минь хүсэлд бүү даатгаач.

13Амьдын газарт ЭЗЭНий сайн сайхныг харна гэж би итгэсэн.

14ЭЗЭНийг хүсэн хүлээгтүн.

Хүчтэй байж, зүрхээ зоригтой болгогтун.

Тийм ээ, ЭЗЭНийг хүсэн хүлээгтүн.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help